Өнөөдөр Г.Занданшатар Ерөнхий сайд болно

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Энэ бол энгийн нэгэн томилгоо бус эрх баригч нам дотоод улс төрийн “тоглоомын дараагийн шат”-ны нүүдлийг ил тавьж буй үйл явц юм. Гомбожавын Занданшатар “тоглоомын дүр”-ийн голд гарч ирлээ.
Л.Оюун-Эрдэнийн халаа бол хувь тавилан биш, төлөвлөгөө
Саяхныг хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүүхдийнх нь брэнд тансаглал дуулиант асуудлуудын улмаас "унасан" гэж олон нийт дүгнэж буй. Гэвч улстөрийн гол тоглогчдын өгч буй дохио, үйл явдлуудын логик дарааллыг харахад энэ бол хэтэрхий өнгөц хандлага юм. Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнэ аль хэдийнэ улс төрийн халаа сэлгээний хайчинд орчихсон байсан. Эдийн засгийн реформ гацаж, авлигын эсрэг бодлого нь популист өнгө аяс руу гулссан нь нам доторх нэр хүндийг нь доош татсан нь худал биш. Яг энэ үед Г.Занданшатар улстөрд come back хийсэн ч зүгээр нэг тохиолдол бус байв.
Л.Оюун-Эрдэнэ унасан учраас” гэж тайлбарлах нь гэнэн хэрэг. Энэ бол У.Хүрэлсүхийн бүлэглэлийн 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан урт шатрын нүүдэл. Тэр утгаараа Г.Занданшатар бол хуучин шинэчлэл, шинэ хуучинчлалын зааг дахь “институцийн инженер” болж орж ирж буй.
Төсвийн тодотгол ба цэвэрлэгээ
Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдмогц хүлээгдэж буй эхний ажлууд бол:
- Төсвийн тодотгол: 2025 оны төсөв анхнаасаа данхар, үрэлгэн, тансаг батлагдсан. Шинэ засгийн газар эдийн засгийн сахилга бат, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд төсвийн тодотгол хийхээс өөр замгүй.
- Бүтцийн цомхотгол: “Улстөрийн наймаагаар” байрласан олон арван хүнийг халахаас нааш “шинэ бодлого” гэж ярих утгагүй. Г.Занданшатар үүнийг хийх ёстой, гэхдээ энэ нь АН, МАН-гүй фракцын сөргөлдөөн рүү хөтөлж мэдэх юм. Гэхдээ яг эндээс түүний “ёс зүйт улс төрч” имиж системийн сорилттой нүүр тулна.
- Шийдвэр гаргалтын шинэ философи: Г.Занданшатарын хувьд “улс төрийн амлалт” биш, “институцийн зөв шийдэл”-ийг баримтлах нь түүний 2027 он хүртэлх стратегийн төв шугам. Харин үүнийг популизмд дассан олон нийт хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь бас нэг сонирхолтой сорилт.
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний суурь тавигдаж байна
Г.Занданшатарын Ерөнхий сайдаар ажиллах мөчлөг бол зүгээр нэг төрийн ажил хийгээд өнгөрөх үе биш. Түүнийг Ерөнхий сайд болсны дараах 100 хоног бол зөвхөн “Засгийн газрын ажил” биш, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын суурь дэвсгэр болж хувирна. Хэрэв тэр хууль, төсөв, бүтцийн шинэчлэлээ “зөв, хурдан, үр дүнтэй” хийж чадвал дараагийн Ерөнхийлөгч болоход бараг саад үгүй байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ