МАН-ын бүлгийн даргад хэн томилогдох вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газар өчигдөр /2025.06.18 /шинэ бүтэц, бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийв. Энэ Засгийн газрын хамгийн эхэнд хийх ажил бол төсөвт хэмнэлтийн тодотгол хийх. Үүнээс гадна Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж зарим сайд нарын суудалд сэлгээ орсон учир эзэнгүй үлдсэн суудалд хэнийгээ томилох вэ гэдэг асуудал эрх баригч намын бас нэг толгойн өвчин болж буй. Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар томилогдсон нь анхаарах ёстой л сэдэв.
Засгийн газарт ажиллаж эхэлсэн МАН-ын бүлгийн даргын суудалд хэн томилогдох нь одоогийн улс төрийн хамгийн халуун сэдэв болоод байна. Тус албан тушаал нь зөвхөн намын дотоод удирдлагын асуудал төдийгүй парламент дахь эрх мэдэл, шийдвэр гаргах түвшинд шууд нөлөөтэй байр суурь юм.
Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан нарын нэрс яригдаж байна. Тэдний аль аль нь намын дотоод нэгдэл, улс төрийн туршлагаараа бүлгийн даргын үүргийг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа аж.
Мөн бүлгийн дэд даргын албан тушаалд тодорхой өөрчлөлт гарах нь ойлгомжтой байна. Одоогоор УИХ-ын гишүүн Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдон ажиллаж байгаа учир дэд даргын суудал нэгээр сулрах төлөвтэй. Энэ суудалд хэн томилогдох нь тодорхойгүй байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл хурлаар хэлэлцэн эцэслэх юм.
МАН-ын бүлгийн даргын суудал нь зөвхөн албан тушаалын асуудал биш, ирэх сонгууль, улс төрийн сорилтуудад нам хэрхэн бэлдэх, парламент дахь эв нэгдлийг хадгалах, бодлого шийдвэрийн гүйцэтгэлийг хангах чухал түлхүүр юм. Тиймээс бүлгийн даргын нэрийг албан ёсоор зарлах хүртэл улс төрийн хүрээний хүлээлт, таамаглал тасрахгүй байх нь тодорхой.
Ирэх хэдэн долоо хоногт МАН-ын удирдлагын дотоод өрсөлдөөн хэрхэн үргэлжлэх, бүлгийн даргын сонголт хэрхэн хийгдэх нь Монголын улс төрийн амьдралд томоохон нөлөө үзүүлэхээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ