Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.06.20/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан мэндчилгээ дэвшүүлсэн ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев нарт талархаж буйг уламжлахыг Элчин сайдаас хүслээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, ногоон хөгжил, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал. Энэ хүрээнд ойрын хугацаанд хоёр талын ЗГХК-ын удирдлагууд уулзаж хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүд, түүнчлэн тулгамдсан асуудлуудаа ярилцаж шийдвэрлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Мөн энэ сарын сүүлээр Беларус Улсын нийслэл Минск хотноо болох Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг талууд бүрэн хангаж буйг тэмдэглэв.
Элчин сайд А.Н.Евсиков Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тухайлбал, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, танилцууллаа.
Уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ