МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ сонгогдов

Төрийн ордны хөшигний ард улс төрийн чимээгүй ширүүн тэмцэл үргэлжилж буй. Ирэх сонгууль угтаж улстөрийн намууд дотоод байр сууриа дахин хуваарилж буй энэ үед МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонгогдсон нь зүгээр нэг хүний жижигхэн томилгоо биш, нам доторх хүчний хуваарилалт, ирэх сонгуулийн стратегийн эхлэл.
Түүнтэй зэрэгцэн нэр дэвшсэн Л.Энх-Амгалан ч хүчтэй өрсөлдөгч байв. Гэхдээ тэрээр энэ удаад намын дэмжлэгийг бүрэн авч чадсангүй, сул гишүүн болж хоцров.
МАН-ын бүлэг бол УИХ-дахь бодлогын чиглэлийг тодорхойлдог, олонхоороо хууль баталдаг жинхэнэ механизм. Тиймээс бүлгийн даргын суудал бол зүгээр нэг зохион байгуулагч биш, намын бүх гишүүний байр суурийг уялдуулах, хууль тогтоох үйл явцыг удирдах жинхэнэ нэг цэгийн төврөлөл юм.
Ж.Бат-Эрдэнэ энэ албан тушаалд очсоноор, УИХ-ын 68 гишүүний санал, байр суурийг нэгтгэх удирдлага, Засгийн газарт нөлөөлөх эрх зүйн суурь хөшүүрэг, сонгуулийн өмнөх намын мөрийн хөтөлбөр, хууль, бодлогын чиглэлийг зангидах төв хүн болох боломж.
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар бүлгийн даргын суудлаас бууснаар Г.Занданшатарын Засгийн газар чих зөөлөн гишүүдээр баг бүрдүүлсэн. Тэгвэл бүлгийн даргын суудалд саармаг гэгдэх Ж.Бат-Эрдэнийн тавьснаар Засгийн газар болон УИХ-ын бүлэг хоорондын зөрчил багасах, Гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн хооронд нам доторхи зохицуулалт хэвээр хадгалагдах боломж бүрдэв.
Бүлгийн дарга гэдэг намын мөрийн хөтөлбөр боловсруулах, хууль санаачлах, стратеги төлөвлөх төв цэг. Ж.Бат-Эрдэнэ энэ байр суурь дээрээс
Бүс нутгийн хөгжлийг түлхүү дэмжсэн популист өнгө аяс бүхий мөрийн хөтөлбөр гаргах магадлалтай
Шинэчлэл, реформын эрч саарч, жигд тайван өнгө аяс давамгайлж болзошгүй.
Ж.Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргаар томилсон нь дотоод эв нэгдлийг хадгалах, гадаад дүр төрхийг тогтвортой байлгах зорилготой бололтой юм. Гэхдээ энэ нь шинэчлэл, эрс шийдэл шаардлагатай цаг үеийн хүлээлттэй зөрчилдөж магадгүй. Ирэх жилүүдэд МАН дотоод бодлогоо эв зохицлоор авч явах уу? Эсвэл бодлогын шинэчлэлийн төлөөх зөрчил рүү орж эхлэх үү гэдэг асуултад Ж.Бат-Эрдэнийн манлайлал хариу өгөх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ