Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР АРД ИРГЭДЭЭ СОНСОНО ГЭВ ҮҮ ?

Өмнөх Засгийн газар огцорсон шалтгаан нь ердөө иргэдээсээ хэт холдож хөндийрсөн явдал байв. Хатуухан хэлэхэд хэтэрхий гүлдийгээд байсны горыг амссан хэрэг л дээ.
Харин байгуулагдаад сар ч болоогүй байгаа Г.Занданшатарын Засгийн газрын имидж нь иргэдтэйгээ тулж харилцах харилцаа байх бололтой. Ганцхан жишээ. Түүний Засгийн газар 11-11 олон нийттэй харилцах төв болон E-Mongolia аппликейшнээр дамжуулан 100 хоногт хийх нэн тэргүүний ажлууд дээрээ санал авч эхэлсэн нь аливаа асуудалд гүлдийж гөлийхгүйгээр хурд, бас дахин хурд гэсэн зарчмаар хандаж байгааг нь илтгэнэ.
Хаана ямар асуудал байгааг хамгийн бодитой илэрхийлэх, бас зөв шийдлийг санал болгох хүч гагцхүү ард иргэдэд бий гэдгийг тэр олж анзаарсан нь олзуурхууштай.
Өөрөөр хэлбэл тэр УИХ-ын дарга байхдаа монголд зөвлөлдөх ардчиллыг нутагшуулах санаачилгыг анх гаргаж байсны хувьд энэ удаад түүнийгээ гүйцэтгэх засаглалд гардан хэрэгжүүлэх боломжийг алдахгүй байхыг зорьж байх шиг.
Ардчиллын амин сүнс нь иргэдээ сонсох, харин авторитар санаархлын илрэл нь асуудлыг хүч түрэн шийдэх гэдгийг тэр бусдаас илүү мэднэ.
Асуудал буй бол асуулт, бас түүнийг шийдэх зөв гаргалгаа, оновчтой хариу үйлдэл заавал байж л таараа.
Иргэд чухам юунаас болж бухимддаг вэ гэхээр тэдэнд тулгарч буй асуудлыг нь сонгосон төр нь сонсохгүй, шийдэхгүй байх явдал. Тэрнээс биш хийх байхаа олж ядсандаа хийрхэж тэмцэж, жагсаж цуглаад байдаг юм огтоос биш л дээ.
Юутай ч нийгмийн бухимдал, ужигарсан асуудлын оношийг Г.Занданшатар зөв тавьж чадлаа. Бас өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг нураалгүй улам тодотгож, бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдчихлээ.
Ард түмнээ сонсоод эхлэхээр асуудлыг шийдэх эрэмбэ дараа аандаа тодорхой болоод ирнэ. Иргэдээсээ үг саналыг нь аваад, сонсоод, түүнийг шийдэхийн тулд хурдтай ажиллаад ирвэл иргэд Засгийн газраа дэмжих нь дамжиггүй.
Угаасаа төрийн , Засгийн газрын мөнгө гэж хаана ч байхгүй. Харин иргэдийн татвар төлөгчдийн мөнгө л гэж буй. Тэр мөнгийг тэднээс, жинхэнэ эздээс нь асууж, аль асуудалд яаж оновчтой зөв зарцуулах вэ гэдэг нь чухамдаа Засгийн газрын бодлого эрүүл байхын гол үндэс.
Засаг ба иргэд нэг зүг рүү харж, нийтийн эрх ашгийг эрхэм болгосон цагт ажил явна, бодитой үр дүн гарна. Ямар ч байсан биднийг сонсдог Засгийн газар байгуулагджээ гэсэн бага ч гэсэн итгэл найдварын оч асаж эхэлж байна. Энэ очийг унтраачихалгүй авч явж чадах эсэх нь одоо Г.Занданшатарын Засгийн газрын гарт өөрт нь байна. Хэрхэхийг ирэх өдрүүдэд харцгаая.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ