ХАЛААЛТЫН УЛИРАЛД ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ЗОГСООЖ, БАЯЖУУЛСАН НҮҮРС БҮРЭН НЭВТРҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглож, аж ахуйн нэгж, байгууллагуудыг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Захирамжийн хүрээнд:
• Ахуйн болон аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй, зөвхөн баяжуулсан нүүрс ашиглах;
• Баяжуулсан нүүрсний тогтвортой нийлүүлэлт, түгээлтийг “Тавантолгой түлш” ХХК хариуцах;
• Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөөг батлуулах;
Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон холбогдох хяналтын байгууллагууд хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.
Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь, мидлинг 22 хувь, хагас кокос 11 хувийг эзэлдэг болох нь тогтоогдсон. 2024–2025 оны өвлийн улиралд нийслэлийн аж ахуйн нэгжүүд нийтдээ 87 мянга гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн бөгөөд энэ нь агаарт ялгаруулсан бохирдлоороо 350 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшний хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээтэй байна.
Иймд 2025 оны 09 дүгээр сарын 15-нас эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ