ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “СМАРТ” СУРГУУЛЬ 9-Р САРЫН 1-ЭЭС ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

Ерөнхий боловсролын “Смарт” сургууль 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар ахлах сургуулийн бүтэцтэйгээр байгуулагдсан. 2022 онд сургууль хүсэлт гаргаж, бүрэн дунд сургууль болж үйл ажиллагаа явуулж байсан.
Тусгай зөвшөөрлийг Хан-Уул дүүргээс гаргуулсан бөгөөд 2023 оноос Хан-Уул дүүргийн 4-р хороо руу шилжиж сургалтын байраа сольжээ. Гэвч хаягаа шинэчилээгүйгээс сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл зөрчигдсөн. Хан-Уул дүүргээс удаа дараа сануулсан ч шаардлагыг биелүүлээгүй тул өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга ерөнхий боловсролын “Смарт” бүрэн дунд сургуулийн тусгай зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлэх захирамж гаргажээ.
Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдэгдлийг тухайн дүүргийн НДГ, татварын хэлтэст хүргүүлсэн. Мэдэгдлийн дагуу сургууль багш, ажилтан, сурагчдад мэдээлэл өгч, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах ёстой. Энэ асуудлыг сургуулийн үүсгэн байгуулагчид болон удирдлагын баг хариуцан зохион байгуулна.
Смарт сургуульд 429 сурагч, 44 багш ажилтан ажиллаж байгаа нь боловсролын салбарын нэгдсэн мэдээлэлд бүртгэлтэй. Сургалтын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор есдүгээр сарын 1-ээс хичээллэх боломжгүй тул сургуулийн удирдлагууд багш, сурагчдын шилжилт хөдөлгөөнийг журмын дагуу зохион байгуулах шаардлагатай гэж Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г. Мөнхбилэг ярьсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ