ГОВИЙН БҮСИЙГ ТОГТВОРТОЙ ХӨГЖҮҮЛЭХ ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

img

 

Монгол Улсын Засгийн газар олон төвт, тэнцвэртэй хөгжлийн загварт шилжих зорилт дэвшүүлэн Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Энэхүү бодлого нь орон нутгийн онцлог, иргэдийн оролцоо, олон нийтийн санаачилга дээр тулгуурлан төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилготой юм. Уг бодлогын хүрээнд улсын хэмжээнд Хангай, Баруун, Хойд, Төв, Зүүн, Говь, Улаанбаатарын гэсэн 7 бүсээр хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна. Үүнээс Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд багтаж, АЖ ҮЙЛДВЭР, НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРӨЛЖСӨН БҮС болгон хөгжүүлэхээр тодорхойлсон.

Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”, “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, бүсийн хөгжлийг уялдуулан дэмжих, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хангах зорилго тавьж байна.

Санамж бичгийн хүрээнд:

• Говийн бүс болон орон нутгийн хөгжлийн төвүүдийг хөгжүүлэх ТЭЗҮ, хөгжлийн хөтөлбөр боловсруулах;

• Малчдын шинэ төрлийн хоршооны загварыг боловсруулж, туршилтаар хэрэгжүүлэх;

• Иргэд, оролцогч талуудад инновац, технологид суурилсан мэдээлэл, оролцооны системийг нэвтрүүлэх;

• Технологи, Big Data, хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага, шийдвэр гаргалтыг бэхжүүлэх;

• Аймгуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллийн системийг бий болгох;

• Хууль, бодлогын уялдааг хангаж, бүсчилсэн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах юм.

Санамж бичиг нь бүсийн томоохон аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд иргэд, хоршоологчдын оролцоог нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, малчдын орлогыг өсгөх, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.

Түүнчлэн Өмнийн говийн малчдын амьжиргааг сайжруулж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдэж байна. Мөн бүс нутгийн хөгжлийн 20 жилийн төлөв байдлын судалгаанд тулгуурлан орон нутгийн нөөц, бололцоог бүрэн ашиглах, байгаль орчин, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг уялдуулсан хөгжлийн бодлого боловсруулах юм. Энэ нь бүс нутгийн уялдаа холбоог сайжруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чухал суурь болно. Үүнээс гадна, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шинэ хууль тогтоомжийг боловсруулах, олон нийтэд бодитой мэдээлэл хүргэх, оролцогч талуудын мэдээллийн урсгалыг сайжруулан ил тод байдлыг хангах замаар хөгжлийн үйл явцыг илүү үр дүнтэй болгоно. Төслийн үр дүн, орон нутгийн хөгжлийн түвшинг хэвлэл мэдээллээр үнэн зөв хүргэх нь иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, оролцоог дэмжинэ. Эцэст нь, хөгжлийн явцыг нэгтгэсэн цахим платформыг нэвтрүүлснээр иргэд, оролцогч талууд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадвартай болж, хууль эрх зүйн шинэчлэлд идэвхтэй оролцох боломжтой болох ба хиймэл оюун ухаан, Big Data зэрэг дэвшилтэт технологиудыг ашиглах замаар орон нутгийн хөгжлийн бодлого илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Бүсчилсэн хөгжлийн бодлого нь Монгол Улсын газар зүй, нийгэм, эдийн засгийн онцлогт тохирсон, бүс нутгийн нөөц боломжид тулгуурласан тогтвортой хөгжлийн гарц юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ