ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

img

 

Эрхэм хүндэт ахмад дайчид, үе үеийн эх орончид, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, иргэд олон түмэн та бүхэндээ Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан Чөлөөлөх дайны түүхт ялалтын 80 жилийн ойг Монголын ард түмэн улс даяар ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Дэлхийн II дайны төгсгөлд Монгол ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн улаан армийн хамт Зүүн хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлсөн нь дэлхий дахины энх тайванд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал болсон юм.

1945 оны Чөлөөлөх дайны ялалт нь зөвхөн Монгол Улсын төдийгүй бүс нутгийн мартагдашгүй ач холбогдолтой үйл явдал байсан гэж үздэг. Энэ дайны ялалтаар 1945  онд Төв, Зүүн, Зүүн өмнөд Азийн 5 орон тусгаар тогтнолоо зарлаж байлаа. Олон улсын тусгаар тогтнол, амар амгалан амьдралд тус дэм болох нь монголчууд бидний чин сэтгэл, даян дэлхийн энх тайвныг эрхэмлэсэн журамт үүрэг байсан юм.

БНМАУ-ын Цэргийн яамны сайд маршал Х.Чойбалсан, хурандаа генерал Исса Александрович Плиев, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нарын командалсан Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг нь аагим халуун, аадар бороо, Цахарын өргөн цөл, урсгал догшин гол мөрнүүдийг туулан, асар богино хугацаанд 1000 гаруй км давшиж, монгол цэргийн тэсвэр тэвчээр, монгол морины шандас хатуужлын гайхамшгийг үзүүлэн байлдааны үүргийг амжилттай биелүүлсэн нь Монголын ард түмний бахархал болж байдаг билээ.

Энэ дайны ялалтын үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд баталгаажуулж, Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгт гишүүнээр элсэх үүд хаалгыг нээсэн түүхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Энэхүү түүхт ойн өдрийг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо газар шороо, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн БНМАУ-ын баатар Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг, М.Жанчив, Д.Нянтайсүрэн, Т.Дүүдэй, Монгол Улсын Баатар П.Шагдарсүрэн нарын баатарлаг ахмад үеэ дахин дурсаж, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээг түүчээлэн улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, даян дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд дуурсган байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

Өнөөдрийн энэ баярт мөчид энгэртээ одон тэмдгээ гялалзуулан, бид бүхнийхээ бахархал хүндэтгэлийг хүлээн суугаа дайнд оролцсон ахмад дайчид Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье!

Монгол цэргийн сүлд хийморь, яруу алдар, цог жавхаа үеийн үед үүрд мандан бадрах болтугай!

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,

Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jimbeau:
Everybody can earn 220$/h + daily 1K… You can earn from 6000-12000 a month or even more if you work as a part time Work…It’s easy, just follow instructions on this page, read it carefully from start to finish… It’s a flexible job but a good eaning opportunity..go to this site home tab for more detail thank you……. . Reading This Article:---------- Www.Cash43.Com
2025-09-04
shiidvertei mundag said shvv:
Ajliin amjilt. Asuudliig shiiddeg said
2025-09-04