И Тэ Жүн эмчийн дурсгалын ордны нээлтийн ёслол боллоо

Тусгаар тогтнолын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Монголын сүүлчийн хаан Богд хааны оточ бөгөөд Солонгос, Монгол хоёр улсын найрамдалт харилцааны билэг тэмдэг болсон И Тэ Жүн эмчийн дурсгалын ордны нээлтийн ёслолын арга хэмжээг 9 сарын 4-ний өдөр үдээс хойш Улаанбаатар хотноо Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ, Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Үндэсний ассамблейн гишүүн Жу Жон Шиг, Ахмад дайчдын яамны соёлын бодлогын газрын дарга На Чи Ман, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Жу Юн Гён, Хаман сумын Засаг дарга Жу Гын Жэ, Тэ Ам И Тэ Жүн эмчийн дурсгалын нийгэмлэгийн тэргүүн Ким Дун Гюнь болон Солонгос иргэдийн нийгэмлэг, Хаман сумын нутгийн зөвлөл, И Тэ Жүн дурсгалын нийгэмлэгийн төлөөлөгчид оролцлоо. Мөн Монголын талаас БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Золбаяр, ГХЯ-ны Азийн газрын дарга Г. Хулан, УБ хотын Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн зэрэг 300 гаруй зочид оролцон нээлтийн ёслолд баяр хүргэлээ.
2001 онд Монгол улсын Засгийн газраас үнэ төлбөргүйгээр газар ашиглах зөвшөөрөл олгон “ И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийж байгаа И Тэ Жүн эмчийн дурсгалын ордон энэ цэцэрлэгт хүрээлэн дотор баригдсан билээ. Дурсгалын ордныг барихад солонгос улсын төсвөөс 1 тэрбум 960 сая гаруй воныг зарцуулж, өмнө байсан жижиг модон барилгыг шинэчлэн зоорийн 1 давхар бүхий 2 давхар орчин үеийн шийдлээр үзэсгэлэн, сургалтын танхим хослуулан баригдсанаараа онцлог юм. Дурсгалын ордонд И Тэ Жүн эмчийн хиймэл оюунаар сэргээн бүтээсэн видео бичлэг, Солонгос Монгол хоёр улсын харилцааг харуулсан дижитал танхим зэрэг И Тэ Жүн эмчийн эх орныхоо төлөөх тэмцлийн зам мөр болон эмчээр ажиллаж байсан үйл явдлыг харуулсан олон түүхэн баримттай танилцаж болох юм.
Нээлтийн ёслолын ажиллагаа хүндэт зочид мэндчилгээ дэвшүүлсний дараа, видео танилцуулга, урлагийн тоглолт, дурсгалын зураг авхуулах, ордны үзэсгэлэнгийн танхимыг үзэж сонирхох хөтөлбөрийн дарааллын дагуу явагдсан бөгөөд энэхүү шинэ барилгын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан БНСУ-ын ЭСЯ, Солонгос иргэдийн нийгэмлэгийг сайшаан Ахмад дайчдын яамны сайдын шагналыг гардууллаа.
1883 оны 11 сард Өмнөд Кёнсан мужийн Хаман суманд төрсөн И Тэ Жүн эмч 1907 онд Северанс их сургуульд элсэн орж 3 жил 9 сарын хугацаанд суралцаж 1911 оны 6 сард төгссөн. Түүнээс хойш эх оронч Ким Гю Шигийн санал болгосноор 1914 онд Монголын их Хүрээ одоогийн Улаанбаатар хотод ирж Дорнын анагаах эмнэлэг байгуулж, орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлснээр Монголын нийгэмд байр сууриа олж, олны итгэл хүлээжээ.
Мөн тэрээр дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж байсан эх оронч тэмцэгчидтэй нягт харилцан, Японы эсрэг үйл ажиллагаа явуулж, Хятад Монгол улсаар дамжин зорчиж байсан эх орончдод байр, унаа зэрэг төрөл бүрийн хангамжаар туслахын зэрэгцээ тухайн үед Солонгос шинэ залуучуудын намыг төлөөлөн Парисын олон улсын хуралд оролцож явсан Ким Гю Шигийн тусгаар тогтнолын их үйлсэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байжээ.
И Тэ Жүн эмч Монголын сүүлчийн хаан Богд хааны отчоор ажиллаж байхдаа тухайн үед гадаадын иргэнд олгож байсан хамгийн дээд зэргийн төрийн одонгоор шагнуулж байжээ. Солонгосын Засгийн газар түүний гавьяаг үнэлэн 1990 онд эх оронч одонг нэхэн олгожээ.
БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон мэндчилгээндээ “ Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэж буй энэ онд И Тэ Жүн эмчийн дурсгалын ордонг нээх болсонд баяр хүргэе” хэмээгээд “ И Тэ Жүн эмчийн Монгол түмний төлөөх хайр энэрэл, бүхнээ зориулах сэтгэл нь Солонгос Монголын найрамдалт харилцааны суурь болоод зогсохгүй түүний эхлүүлсэн хүсэл зоригийн дагуу хоёр орны харилцааг улам илүү бодитой өргөжин хөгжүүлэхийн төлөө юунаас ч илүү хичээн ажиллах болно” гэж тэмдэглэн хэллээ.
Монгол улсын БОУАӨЯ-ны ТНБД Т. Золбаяр мэндчилгээндээ “ И Тэ Жүн эмч Монгол улсад орчин үеийн анагаахын эмчилгээ үйлчилгээ үзүүлж Монголд тархсан халдварт өвчнийг эмчлэн Богд хааны эмчээр ажиллаж байсан нь эдүгээг хүртэл монголчуудын хүндлэл талархлыг хүлээж байна.”гээд “И Тэ Жүний дурсгалын ордон Монгол Солонгос хоёр улсын найрамдалт харилцааны билэг тэмдэг болох буйзаа” хэмээлээ.
Ахмад дайчдын яамны Квон У Ыл сайдын илгээлт мэндчилгээг тус яамны соёлын бодлогын газрын дарга На Чи Ман төлөөлөн уламжлалаа. Тэрээр “Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Монголд Солонгосын доктор Алберт Швейцар хэмээн хүндлэгдсэн И Тэ Жүн эмчийн үзэл санаа, үйл хэргийг мөнхжүүлэх дурсгалын ордон нээгдсэнд туйлын их баяртай байна.” хэмээгээд “Ахмад дайчдын яам нь И Тэ Жүн эмчийн дурсгалын ордныг Солонгос Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэх, тусгаар тогтнолын үзэл санааг залгамжлан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах түшиц газар болгох, цаашдын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэн явуулахад бүхий л талаар дэмжин ажиллах болно” гэж дурдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ