БНСУ-ын Юхан групп “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

img

 

Цөлжилт, хөрсний доройтол нь манай орны байгаль орчны тулгамдсан асуудлын нэг бөгөөд үүнийг даван туулах хамгийн үр дүнтэй арга бол мод тарих явдал. 

Өнгөрсөн оны есдүгээр сард Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 100 гаруй жилийн түүхтэй, томоохон компаний нэг болох “Юхан” группийн захирал Жу Үг Жэ-тэй уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамтран ажиллах саналыг уламжилсан билээ. 

Энэхүү санал бодит ажил хэрэг болж, 9 дүгээр сарын 8-ны өдөр Сөүл хотноо Хамтран ажиллах тухай санамж бичигт “Юхан” группын Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Жу Үг Жэ, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFOCO)-ын тэргүүн Пак Жон Ху болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөн ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Болдбаатар нар гарын үсэг зурлаа. 

 

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь түймэрт сүйдсэн ойг нөхөн сэргээхээр төлөвлөж байна. 

Дашрамд тэмдэглэхэд, “Юхан” группын охин компани болох “Юхан кембэрли” Сэлэнгэ аймгийн “Тужийн нарс” ойг нөхөн сэргээсэн туршлагатай юм.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ