Эхнэрээ 38 удаа хутгалсан хэргийн шүүх хурлыг хаалттай явуулж байна

img

 

Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэллээ.

Прокурорын зүгээс шүүх хуралдаанаар эмзэг мэдээлэл бүхий нотлох баримтуудыг шинжлэх учраас хаалттай явуулах саналыг дэмжлээ. Хохирогчдын талаас ч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж хаалттай явуулах нь зүйтэй гэв. 

Хэргийг сануулахад "Gem mall" худалдааны төвд 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Тодруулбал, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах "Gem mall" худалдааны төвийн нэг давхарт 45 настай эрэгтэй 36 настай эхнэрээ 38 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн. Тухайн хэрэг өдрийн 11:00 цагийн орчимд гарсан. Харин уг дэлгүүр 10.00 цагт үйл ажиллагаа нь жигдэрдэг тул хэрэг гарч байх үед худалдан авагчид цөөн, уг худалдааны төвийн түрээслэгчид ажилдаа ирээд удаагүй байсан байна.

Нөхөр нь эхнэрээ маш их харддаг, тэд салах өргөдлөө өгөөд тусдаа амьдарч байх хугацаандаа ч байнга ирж дарамталдаг байжээ. Хэрэг гарсан өдөр нөхөр нь дахиад ирснийг харсан ойр орчмын түрээслэгчид “Урьдын адил эхнэртэйгээ салахгүй байх талаар ярьж, гуйж, ярилцаж байгаад явчих байх” гэж бодсон байна.

Гэвч удалгүй амь хохирогч орилж эхэлсэн бөгөөд хамгийн ойрхон байсан нэг эмэгтэй салгах гэж очсон ч хэрэгт холбогдогч хутга гаргаж ирсэн тул эмэгтэй зугтаж, бусдаас тусламж гуйжээ. Худалдааны төвд байсан түрээслэгчид цагдаад яаралтай мэдэгдэж, мөн үүдэнд байсан хоёр эрэгтэйг туслахыг хүссэн байна.

Худалдааны төвийн нэгдүгээр давхарт байсан хүмүүс нийлэн эмэгтэйг хамгаалж салгахыг оролдсон боловч хэрэгт холбогдогч хөлөөс нь татаж, хүрч чадсан газартаа хутгалж байжээ. Энэ бүх явдал ердөө 2-3 минутын дотор болж өрнөсөн байна.

Гаднаас орж ирсэн, биерхүү хоёр эрэгтэй хэрэгт холбогдогчийг амь хохирогчоос салгахын тулд хүч хэрэглэж, эцэст нь түүнийг төмөр зүйлээр цохиж ухаан алдуулсан бололтой. Эх сурвалжийн хэлснээр, хэрэгтэн ухаан мэдрэлгүй мэт улайран дайрсаар байсан тул түүнийг өөрийгөө захирах чадваргүй болгож байж л зогсоож чадсан аж.

Тухайн үед худалдааны төв дотор хамгаалагч, гадаа зогсоолын ажилтан байсан төдийгүй өөр хэд хэдэн хүн ойр орчимд байжээ. Хэрэг маш хурдан буюу хоёрхон минутын дотор болоод өнгөрсөн гэж хэлж байгаа бөгөөд бүгд л сандарч, айж, зарим нь тусламж гуйж, зарим нь салгах гэж оролдсон. Мөн хэрэгт холбогдогч ямар нэгэн согтолтын зэрэггүй, эрүүл байжээ.

Тухайн гэр бүл бага насны хүүхэдтэй. Нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөн эхнэрээ их хардаж зовоодог хүн байсан. Тиймээс гэрлэлтээ цуцлуулах асуудлаар шүүхэд хандсан бөгөөд хэдэн сарын өмнө өргөдлөө өгсөн ч шүүх эвлэрлийн хугацаа өгч, тусдаа амьдарч байжээ. Хэрэг гарахаас ердөө гурван хоногийн дараа тэдний шүүх хурал товлогдсон байсан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэр цохиж зодсон улсыг ч шийтгэх хэрэгтэй тэдэнд гэмт хэрэг хийсэн гэмт хэрэгтэнг ч цохих эрх байхгүй
2025-09-17