“Лекс Ойл” ХХК мэдэгдэл гаргав

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь байнгын хорооны гишүүдэд “Лекс Ойл” ХХК-ийн үйл ажиллагааны талаар бодит бус, илт төөрөгдүүлсэн худал мэдээлэл тайлбар хийж, манай байгууллагын бизнес, ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан зүй бус үйлдлийг гаргалаа. Тэрээр манай компанийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн Цэц, хууль хяналтын байгууллага, яам, газар түүний албан тушаалтныг худалдан авч тэдгээрийн шийдвэрт нөлөөлсөн, хууль бус үйлдэл хийсэн гэх агуулгаар эрүүгийн ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэл нь төрийн түшээ хүний хувьд ёс зүйн алдаа гаргасан хариуцлагагүй үйлдэл гэж бид үзэж байна. Бид газрын тосны салбарт ажлын байр бий болгон, дотооддоо боловсруулах үйлдвэрлэл байгуулах замаар нэмүү өртөг бий болгож, эх орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулахын зэрэгцээ салбарын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж, хуулийн дагуу төлөх бүхий л татварыг бусад аж ахуйн нэгжийн адил төлж “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр сүүлийн 4 жил дараалан шалгарч ирсэн болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Лекс Ойл ХХК нь газрын тосны салбарт 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2019 оноос эхлэн “Үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд холбогдох яам, агентлагийн хяналтын доор, стандарт шаардлагад нийцсэн дизель түлш үйлдвэрлэн, зөвхөн байнгын харилцагч уул уурхай, туслан гүйцэтгэгч компаниудад бөөнөөр нийлүүлдэг бөгөөд нийтийн хэрэгцээнд дизелийн түлш, бензиний жижиглэнгийн борлуулалт огт хийдэггүй болно. Мөн өнөөдрийн байдлаар бидэнд борлуулсан бүтээгдэхүүнтэй холбоотойгоор техникийн гэмтэл, хохирлын талаар гомдол ирээгүй бөгөөд манай компани нь нэг литр ч бензин үйлдвэрлээгүй болно. Монгол Улсын Их хурлын гишүүн хүн өөрийн өргөн барьсан хуулийг батлуулахын тулд олон нийтийг төөрөгдүүлж илт худал гүтгэлэг хийж бусдад нөлөөлөхийг оролдож байгааг бид эрс эсэргүүцэж байна. Улсын Их хурлын гишүүн хүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж заасан ч энэ зохицуулалт нь бусдыг гүтгэх эрхийг олгосон зохицуулалт биш гэж үзэж байна. Уг асуудлаар манай компани холбогдох төрийн байгууллагууд болон олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч, аливаа гүжирдлэг, гүтгэлгийн эсрэг холбогдох байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллах болно. Газрын тосны салбар бол Монгол Улсын уул уурхай, цаашлаад эдийн засгийг хөдөлгөх суурь салбар тул энэ салбарын талаар гаргаж буй аливаа шийдвэрүүд нь тооцоо, судалгаа, үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлан гарч байх нь уул уурхай, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангана гэж үзэж байна. “
Лекс Ойл” ХХК 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ