МАН шатаж байна

img

 

Юу болж өнгөрөв...

МАН-ын хагарал, хуваагдал намын хэрүүл байхаа болиод, төрийн хямрал руу халтирчихлаа. Хөшигний ард болсон тохироо Үндсэн хуулийн зөрчил болсон үгүй дээрээ тулж ирээд байна. Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны дараа Ерөнхий сайд томилж, чөлөөлөх тухай тов тодорхой заасан. Гэтэл Г.Занданшатар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсон гэдгээ шууд зарласан нь Үндсэн хуулийн зөрчил биш ч хуулийн процессын алдаа гаргасан гэгдэж, эрх баригч намын гишүүд хуулийг өөрсдөдөө тааруулж мушгиж эхлэхэд хүргэж байна.

МАН-ын бага хурал “нанчилдаантай” болж,  намын шинэ даргаар Д.Амарбаясгалан сонгогдож, тамгаа гардсан ч нам доторх зөрчлийг улам өрдсөн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог “нүүрсний хулгайн эсрэг тэмцэл” шиг харагдуулах гэж оролдсон ч МАН-ын шинэ дарга Д.Амарбаясгалангийн эсрэг чиглэсэн улс төрийн "сум" гэдэг нь хэн бүхний нүдэнд ил байна. Д.Амарбаясгалан намын дарга болсоны дараа Г.Занданшатарын Засгийн газар огцрох эсэх нь цаг хугацааны асуудал болоод байсан юм. Гэтэл УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэж, улс орны эдийн засгийн гол шийдвэрүүдийг гаргах чухал мөчид Ерөнхий сайдын гэнэтийн шийдвэр засаглалын хямрал руу унагаж мэдэхээр байдал руу хэлбийж, Г.Занданшатар өгөөшөө өөрөө бэлдчихэв. Энэ бүхнийг  Б.Энхбаяр гишүүнтэй  нэгийгээ үзэж буй УИХ-ын гишүүн Б.Баярбаатар аль хэдийн овжин ашиглаж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх ‘’хов’’ төрийн ордноор хэсүүчилж буй бол АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланг хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, үнэн мөнийг тогтоохоос нааш УИХ-ыг удирдах ёсгүй гээд мэдэгдчихсэн.

МАН-ын зовлон улс орны зовлон болж мэдэх нь. Ерөнхий сайд Г.Занданшатарын яаруу шийдвэр, мэдэгдэл хулгайтай тэмцэх гэхээсээ хүнтэй л үзэлцэх нь гэж харагдаад байгааг улстөр гадарлах нэг нь хэлж буй. Шулуухан хэлчихэд ингэж төр бужигнуулж улстөр хийгээд байвал төрд нүүрлэсэн их хулгай, авлига улам л даамжирна. Логикийн хувьд хоолоо олж иддэг салбараа төрөөс салгачихвал болчих зүйл. Төрд хэдий чинээ хөрөнгө байна, төдий чинээ авлига гаарна.  Нүүрсний хулгай бол Монголын ард түмний эсрэг, улс орны эдийн засгийг хямрааж буй хамгийн том гэмт хэрэг. Үнэхээр шийдвэрлэх ёстой асуудал мөн. Гэхдээ түүгээр далимдуулж улс төрийн өрсөлдөгчөө намнаж, хүнтэй тэмцэлдээд байвал энэ улс нар үзэхгүй.

Яахав ‘’мангас’’ болчихсон МАН-ын дарга нар өөрсдийнхөө ‘’идээ бээрийг’’ дотроосоо шахах нь ядаж жирийн иргэд хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй юм даа...

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ