Ноёнтой тэрсэлбэл толгойгүй

img


Намын дотоод зөрчил төрийн хямралд хүрэх үү?

МАН-ын даргын сонгуулийн үр дүнгээс болж, улс төрийн дуулиан, хагарал улам ил тод болж, өдөр бүр шок дагуулсан үйл явдал ар араасаа өрнөж байна. МАН-ын шинэ дарга Д.Амарбаясгалан албан ёсоор даргын сунгаанд өрсөлдөхөө зарласнаас хойш намын дотоод зөрчил савнаасаа хальсан.

Ерөнхий сайд Г.Занданшатар Д.Амарбаясгаланд өвдөг шороодож, ‘’нүүрсний хулгай -2’’-ын автор шахуу гэгдэж буй Д.Амарбаясгаланг мад тавихаар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсон нь гэнэтийн байсан. Г.Занданшатар Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай нэр нь холбогдсон төдийгүй Бортээгийн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн гээд хэлчихсэн. Шууд хэлчихээгүй ч үгний цаана үг бий. ХЗДХ-ийн сайдаар гэнэт томилогдсон Б.Энхбаяр олны нүднээс ойрын хэд хоног нуугдаж яваа. Гэтэл өчигдөр шөнө /2025.10.01/ МАН-ын хяналтын ерөнхий хороо хуралдаж, Б.Энхбаярыг Монгол ардын намаас хөөх шийдвэр гаргалаа. Хяналтын ерөнхий хороо энэ шийдвэрийг гаргасан үндэслэлээ “ёс зүйн зөрчил гаргасан” хэмээх ч ёс зүйн асуудал бус, намын дотоод фракцын дайн. Тэгээд ч МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гаргасан шийдвэрт гайхах юмгүй. Тэдний олонхи нь Д.Амарбаясгалангийн хүмүүс гэгддэг. Тиймдээ ч намын шинэ дарга Д.Амарбаясгаланг хоргоож буй нь Б.Энхбаярт намаасаа хөөгдөх шалтгаан нь болсон бөгөөд энэ байдлаараа хэзээ хөөгдөх вэ гэдэг нь түүний хувьд магадгүй цаг хугацааны асуудал байсан ч ХЗДХ-ийн сайд болсон нь Д.Амарбаясгалан сандаргасан бололтой Б.Энхбаярыг намаасаа үтэр хөөв.  ХЗДХ-ийн сайдаар ажиллаж асан Б.Энхбаяр Д.Амарбаясгалангийн эсрэг амныхаа зоргоор бурчихаагүй л байх. Ноёнтой тэрсэлбэл толгойгүй гэж. Д.Амарбаясгалантай арсалдаад намгүй болчихов. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Д.Амарбаясгалангийн дохиураар ажиллаж, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлээ УИХ-ын гишүүдэд танилцуулж явааг нэр бүхий гишүүд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Харин энэ бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхааралтай ажиглаж байгаа нь гарцаагүй. Тэрбээр төрөөр тоглож, фракцын зөрчлийг улс орны тогтвортой байдалд заналхийлэх хэмжээнд хүргэж буй үйлдлүүдийг зүгээр хараад суухгүй нь лавтай. Төрийн тэргүүнээс гаргах мэдэгдэл, алхам улс төрийн хүрээнд хүлээлт үүсгээд байна. У.Хүрэлсүхийн хувьд МАН-ыг нэгтгэх ёстой хүний нэг. Харин одоо тэр зангарагтайгаар хагаралд цэг тавьж чадах уу? Эсвэл энэ дотоод "дайн" цаашид улам ширүүсч, Монголын төрийг бүрэн гацаанд оруулах уу? гэдгийг ажиглах үлдэж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ