АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарав

img

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, мөн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Гэвч чуулганы эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэн, УИХ-аар хэлэлцэх гэж буй дээрх хоёр хуулийн төслийн тухайд, ялангуяа Хөдөө аж ахуйн тухай хуульд завсарлага авах шаардлагатай нөхцөл байгааг дурдав. Тэрбээр уг хуулийн агуулгад дүн шинжилгээ хийхэд “хөдөө аж ахуй” гэх ерөнхий нэршлийн хүрээнд зөвхөн мал аж ахуйд хамаарах асуудлуудыг тусгасан бөгөөд нийт салбарын хүрээнд шийдвэрлэх асуудал хангалтгүй байгаа нь анхаарал татаж байгааг онцлов. Иймд завсарлага авах үндэслэл хангалттай байна гэж үзэж буйгаа мэдэгдлээ.

Мөн тэрбээр АН-ын Улс төрийн зөвлөлөөс бүлэгтээ тодорхой чиглэл өгсөн талаар дурдсан юм. Үүнд УИХ-ын даргын ёс зүйн асуудал, улсын төсөв "эзэнгүйдэж" буй нөхцөл байдал зэрэгт бүлгийн зүгээс байр сууриа илэрхийлэх шаардлага тавьсан байна. Иймээс АН-ын бүлгийн гишүүд тухайн асуудлуудаар дотооддоо хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэх шаардлага үүссэн тул чуулганы танхимыг орхин бүлгийн хуралдаандаа орох болсныг мэдэгдэв.

Түүнчлэн гишүүд чуулганы ирцэд бүртгүүлсэн ч, намын удирдах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор бүлгийн хурлыг чухалчилж байгааг онцолж, “Хэрэв ‘Намын шийдвэр надад хамаагүй’ гэж үзэж буй гишүүд байвал чуулганы танхимд үлдэхэд саадгүй. Харин АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлуудаар дотоод зөвшилцөлд хүрэх шаардлагатай тул бид завсарлага авахгүй, олонхи үргэлжлүүлээд хурлаа хийж болно” хэмээн мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ