АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

img

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хөгжлийн алтан жолоог залуу хойч үедээ өвлүүлэн атгуулсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

"ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДӨР"-ийг тохиолдуулан зохион байгуулж буй тус үйл ажиллагааны үеэр сайд Д.Батлут Батлан хамгаалахын салбарт баримталж буй бодлого, шинэчлэлийг танилцуулахын зэрэгцээ Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгийн даргын тушаалаар 2025 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цонхны үйлчилгээгээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гарагт ахмадуудыг оочер дараалалгүйгээр үзлэгт хамруулахаар болсныг дуулгалаа. Энэ үеэр ахмадуудад зориулан тусгайлан эмч гаргаж ажиллуулах юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль", Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Дайчин Алдар-1" медалиар шагнагдсан бэлтгэл офицер, ахмадуудад Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нар одон тэмдгийг нь ёслол төгөлдөр гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ