Эрх баригч намын талцал төрийн хямрал руу хөтөллөө

2024 оны УИХ-ын сонгуулиас хойш эрх баригч Монгол Ардын Нам (МАН)-ын талцал, даргын төлөөх ил далд тэмцэл улмаар төрийн институцийн үйл ажиллагааг гацаанд хүргэж, улс оронд тодорхойгүй байдал үүсгээд байна. Улс төрийн эл үзэгдэл нь нэг намын ноёрхлыг бодитой харуулж буйгаас гадна, ардчиллын зарчим, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж байгаагийн бодит жишээ болж байна.
УИХ-ын чуулган хэд хэдэн удаа товлосон хугацаандаа хуралдаж чадаагүй нь улс төрийн талцал төрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж олон хуулийн төсөл гацаанд оржээ. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ''Тамхины хяналт''-ын тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай байсан ч өчигдөр орой УИХ-ын гишүүд рүү чуулган хуралдахгүй гэсэн гэнэтийн мессэжийг утсанд нь илгээсэн байна. Тиймээс өнөөдөр төрийн ордон эл хуль, чуулганы танхим хоосон байв. Ялангуяа иргэдийн амьдралд нөлөөлөх хуулийн төслүүд, 2026 оны төсөв, гадаадын хөрөнгө оруулалтын чухал шийдвэрүүд хэлэлцэх хугацаандаа гацаж, улсын хөгжилд ноцтой саад учруулж эхэлсэн ч эрх мэдлийнх төлөөх тэдний тэмцэлд дарагдаж буй нь энэ юм.
Үндсэндээ УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хоорондын үл ойлголцол, харилцан дайралт нь нам доторх тэмцлийг төрийн хэмжээний асуудал болгон хувиргаж чадлаа. Үндэсний аюулгүй байдлын хоёр гишүүн төрийн ордонд хамтдаа ажиллаж байгаа хэдий ч нүүр тулан уулзаж чадахгүй, хэвлэлээр “дайн зарласан” маягтай өрсөн мэдэгдэл хийж буй нь Монгол төрийн институцийн жинхэнэ хямрал гэж хэлж болно.
МАН-ын даргын суудлын төлөөх зодооны гол “зэвсэг” нь сүүлийн хоёр жил улс төрийн сэдэв болж ирсэн нүүрсний хулгайн хэрэг болоод байна. Энэ асуудалд холбоотой хэн ч байсан хуулийн байгууллагаар шалгагдаж, хариуцлага хүлээх ёстой ч харамсалтай нь улстөрчид уг асуудлыг баримттайгаар илчилж, нийгмийн шударга ёсыг тогтоохын оронд нэгнээ замаасаа зайлуулах, шантаажлах хэрэгсэл болгон ашиглаж байгааг МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийн мэдэгдэл нотлов.
Нүүрсний хулгайн хэргийн бодит эзэд нь улстөрийн хамгаалалт дор нуугдаж, хэрэгт холбогдох баримтуудыг зөвхөн улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор “цаг нь болохоор” дэлгэж байгаа нь төрийн институц, хууль сахиулах байгууллагын хараат бус байдал алдагджээ гэх дүгнэлт өгөхөд хүргээд байна.
Төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөр хоорондын зөрчил, эрх мэдлийн төлөөх шуналаасаа болж Монгол төрийн үйл ажиллагааг гацааж байгаа нь ард түмний дургүйцлийг ч сэдрээж, нийгмийн сүлжээгээр тэдний эл үйлдлийг буруутгасаар буй. Гэсэн ч иргэдийн зүй ёсны шаардлага дарга нарын сонирхолыг огтхон ч татахгүй байгаа нь мэдээж.
Олон нийт болон улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ нөхцөл байдалд төрийн тэргүүн хүний хувиар тогтвортой байдал, хууль дээдлэх ёс, эв нэгдлийг хангах үүргээ биелүүлэх цаг боллоо хэмээн шаардсаар байгаа ч тэрээр одоог хүртэл энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй чимээгүй ажиглаж байгаа бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ