П.Сайнзориг: Г.Занданшатарыг огцруулах албан бичиг өргөн барина

Эрх баригч намын даргын төлөөх улстөрийн зодоон Г.Занданшатар, Д.Амарбаясгалан цаашлаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын дунд өрнөж, МАН дотор гал асаж, нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана гэгч нь болж буй. Нийгэмд нүүрсний хулгайч гэж нэгнээ цоллож, жоомоо алах гэж байшингаа шатаана гэдэг нь ёстой л ардын нам дотор өрнөж байна. МАН-ын даргын сонгуулийн дараа Д.Амарбаясгаланд өвдөг шороодсон Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж, томилсон даруйдаа Ерөнхийлөгчид танилцуулсан нь гал дээр тос нэмсэн үйлдэл болов. Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж байж энэ бүхэн ил болно гэж тэрээр хэлж буй. Нөгөө талд АН-ынхан нүүрсний хулгай болон хүн амины хэрэгт нэр нь холбогдсон Д.Амарбаясгалангаар хурал удирдлуулах нь ёс зүйгүй, тиймээс гэм буруугүй гэдгээ хуулийн байгууллагаар эцэслүүлсэнийхээ дараа ирж тухал гэх зэргээр улстөржиж эхэлсэн. Харин Д.Амарбаясгалан Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж Чуулганы хуралдааныг гацааж буй нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг. МАН-ын удирдлагууд эвлэрэх орон зайгүй болтлоо хэвлэлээр нэгнээ нүдэж, сошиал шүүхэд хаяж буй. Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын эсрэг П.Сайнзориг нарын гишүүд Засгийн газрыг огцруулах бичгийг Их хурлын даргад өргөн барина. Одоогоор 45 гишүүний гарын үсэг зурсан гэх.
Засгийн газарт наймдугаар сард баталсан АМНАТ-тай нь холбоотой асуудлаар асуулга тавьж буйгаа мэдэгдсэн.
Ингэхдээ төсөвт АМНАТ-өөс олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан тогтоолыг ЗГ баталсан гэж мэдэгдсэн юм. Улмаар ҮХЦ-д ч хандах бодолтой байгаа талаараа дурдсан.
Гэсэн атлаа АН-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Харбинд хийгдсэн нүүрсний нууц гэрээг ил болгохыг шаардсан албан бичигт их хурлын гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Үүнд нь ердөө зургаахан гишүүн гарын үсэг зурж, бусад гишүүд нүдээ аниад, чихээ дараад өнгөрч буй бололтой. Монгол улсын эсрэг хийгдсэн байж болзошгүй алдагдалтай энэ гэрээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдсэн. Гэхдээ цаад учир шалтгаан юу болох, Монголд ашиггүй гэрээг хэн үзэглэсэн зэрэг ээдрээ тайлагдах учиртай ч энэ бүхэнд гишүүд ил цагаан хойрго хандаж байна. Эрх баригч МАН дотор өрнөж буй үйл явц хулгайч хулгайчаа л бариарай гэж хашхирч байна гэж харагдана. Харин энэ бүгдэд иргэд соргог байж, аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, 2028 онд тэдэнд дүн тавих нь чухал. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудал ардын нам дотор нэгэнт өндрөө авчихлаа. Харин Д.Амарбаясгалангийн эсрэг тэрээр УИХ-ыг тараах акц хийх гэж буй гэх мэдээлэл ч байна. Ардын намын зовлон ард түмний зовлон болох учиргүй ч засаг, төр үймж, нүүрсний хулгайчид /өөрсдийнх нь хэллэгээр/ төрийн дээр сандайлчихсан дотроосоо идэгдэж байна. Гэхдээ тэдний хэн нь ч хууль шүүхийн байгууллагад дуудагдсангүй, гомдол гаргасангүй, хэвлэлээр л үзэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ