Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг огцруулах акц зэрэгцэж байна

Ерөнхий сайд Г. Занданшатар,УИХ-ын дарга Д. Амарбаясгалан нарыг огцруулах хөдөлгөөн зэрэгцэн өрнөж байна. Ёстой л тэдний улстөрийн ‘’дайн’’ хаана хүрч зогсохыг бид таашгүй. Угаас дарга төвтэй улстөрийн ууган хүчин МАН эртний л хагаралтай, үүнийгээ дотроо хав дардаг, даргын эсрэг дуугарвал ‘’толгойгүй’’ гэдгээ мэддэг байсан учраас улстөрийн карьераа боддог гишүүд нь эс хүссэн ч амаа үддэг байсан нь өдгөө ил гарч, АН-ын зодооныг дагуулахгүй дайтаж байна. МАН-ын зодоон Тусгаар тогтнолын ордноос хэдийн хальж, саарал ордонд төрийн зовлон болох шинжтэй, эрхбаригч намын луугарууд хоёр талаас үзэлцэж, үүнд нь ‘’Нилха Сэнгүм’’-үүд татагдан орж өөр хоорондоо байлдаж буй. МАН-ын даргын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нэгэн зэрэг ‘’буцалж’’ нэг талд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал ч мөн адил идэвхжиж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулах саналыг эхлүүлснээр улс төрийн шинэ давалгаа эхэлсэн. Тэрбээр Г.Занданшатарыг огцруулахаар өөрийн албан бланк дээр гишүүдийн гарын үсэг зуруулж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 50 гаруй гишүүн дэмжиж мутарлажээ. Эдгээрийн дунд Ардчилсан намаас Л.Гантөмөр тэргүүтэй 11 гишүүн, Шударга ёс эвслээс Н.Номтойбаяр тэргүүтэй 4 гишүүн багтжээ. Хуульд зааснаар Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барихад хамгийн багадаа 32 гишүүний гарын үсэг шаардлагатай. Тэгвэл П.Сайнзоригийн акц хуулийн энэ босгыг давж, өнөөдөр албан ёсоор өргөн барихаар зэхэж буй аж.
Харин нөгөө талд спийкер Д.Амарбаясгаланг огцруулах хөдөлгөөн өрнөж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн албан бланк дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналын бичиг зуруулж эхэлсэн . Түүний гарын үсгийн хуудсан дээр өнөөдрийн байдлаар ХҮН-ын П.Наранбаяр, АН-ын О.Цогтгэрэл, МАН-ын зарим гишүүдийг оролцуулсан нийт 37 гишүүн нэгдсэн гэх мэдээлэл нэр бүхий сайтуудад нийтлэгджээ. Хуульд зааснаар УИХ-ын даргыг огцруулахад 65 гишүүний дэмжлэг шаардлагатай ч одоогоор 30 орчим гарын үсэг дутуу байгаа юм байна. Гэсэн хэдий ч улс төрийн уур амьсгал, фракцуудын дотоод хөдөлгөөн эрчимжиж буйг харвал уг санаачилга эрчимжиж ч магадгүй болоод байна.
Монголын улстөрийн түүхэнд нэн ховор гэж хэлж болохуйц Үндэсний аюулгүй байдлын хоёр гишүүнийг огцруулах акц зэрэгцэж өрнөсөн нь тун ховор үзэгдэл. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёулаа төрийн эрх баригч МАН-ын түлхүүр албан тушаал хашиж байгаа учраас энэ нь нам доторх эрх мэдлийн шинэ хуваарилалт, удирдлага хэний гарт байх вэ гэдгийг шийдэх ‘’цусгүй дайн’’ гэж дүгнэхэд нэг их дэгсдэхгүй л болов уу.
Юутай ч өнөөдөр /2025.10.07/ П.Сайнзориг гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина гэж буй ч, яг хэдэн цагт болох нь тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ