Өнөөдөр Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ

Өнөөдөр /2025.10.10/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) улс орны хувьд шийдвэрлэх чухал асуудлыг хэлэлцэнэ. Энэ бол Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах эсэх тухай асуудал. Гэхдээ энэ бол зүгээр нэг эрх мэдэлтний огцрох эсэхийн тухай асуудал биш. Энэ бол төрийн тогтвортой байдал, эрх мэдлийн тэнцвэр, улс төрийн ёс зүй, нам доторх хагарал, эдийн засгийн бодлого цаашлаад ардчиллын тогтолцооны ирээдүйг хөндөж буй сэдэв юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн үзэж, албан ёсоор огцруулах саналыг УИХ-д хүргүүлсэн. Хэдийгээр Г.Занданшатарыг хууль зөрчсөн эсэхийг П.Сайнзориг гишүүн нотлох боломжгүй ч, улс төрд ийм өндөр албан тушаал хашиж байгаа хүн хууль зөрчөөгүй ч улс төрийн хувьд хариуцлага хүлээх шаардлагатай тулгарах нь хэвийн үзэгдэл. Тиймдээ ч түүнд ногдуулах шийтгэл нь албан тушаалсаа огцрох явдал болж байна.
МАН-ын шинэ дарга Д.Амарбаясгалан болон Г.Занданшатар нарын хоорондын үл ойлголцол аль хэдийн нам дотор “фракц” үүсгэчихсэн. Хэн нь дийлэхээ үзье гэдэг тулаан төрийн ордонд өрнөж, байнгын хороо, чуулганы хуралдаанууд оромцоглогдож, төрийн ордонд хөл толгой нь мэдэгдэхгүй чимээгүй үймж буй. Г.Занданшатар намын даргын сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөлгүй, дотоод эв нэгдлээ эвдэж улмаар улс төрийн маневр болгох гэж оролдсон ч түүний нүүдэл Д.Амарбаясгалангаас хоцорч буй нь хүчгүйдэх шалтгаан нь болоод байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөө суугаа байр сууриа хамгаалах зорилгоор эцэстээ спикер Д.Амарбаясгаланг ёс зүйн хариуцлагад татах санаачлага гаргаж буй нь засаглалын хоёр салаа эрх мэдэл болох хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын зөрчлийг улам лавшруулж байна.
Эх сурвалжуудын мэдээллээр 50 гаруй гишүүн Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зураад байгаа бол, кнопоо дарахаа илэрхийлсэн нэлээд гишүүд ч байгаа аж. Энэ нь үнэн бол УИХ дахь олонхын дэмжлэг авч магадгүй гэсэн дохио. Гэвч Монголын улс төрд гарын үсэг зурсан ч санал хураалтын үеэр “урвах” үзэгдэл ховор биш. Иймээс энэ асуудлыг шийдэх эцсийн тулаан санал хураалтын товч дээр л өрнөнө.
Г.Занданшатарын Засгийн газар унах нь зүгээр нэг улс төрийн нүүдэл биш болоод байна. 2026 оны улсын төсвийн хэлэлцүүлэгт шууд нөлөөлж эхэлснийг өчигдөр /2025.10.09/ чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын гишүүдийн барьсан лоозон харуулсан. Ерөнхий сайд нь ‘’амь тавьж’’ мэдэхээр нөхцөлд байгаа ийм эмзэг үед эзэнгүй төслөө татаж ав гэх шаардлага тавиад буй. Гэхдээ манай гишүүд улстөр болж тоглохдоо учиртай баймаар... Шинэ сайд, шинэ бодлогын баг гарч иртэл цаг хугацаа алдах нь эдийн засгийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлнэ. Угаас аль хэдийнэ тэдний тэмцэл жирийн төрийн албан хаагчдын амьдралд нөлөөлөөд эхэлчихсэн. Засгийн газрын тодорхойгүй байдлаас үүдэлтэйгээр цалин, хөрөнгө оруулалтын ажлууд бүгд гацаад буй.
Эцэст нь Н.Номтойбаяр тэргүүтэй "Шударга ёс эвсэл"-ийнхэн дөрвүүлээ Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэн бол ХҮН дотооддоо хоёр хуваагдаж, Т.Доржханд “засгийн суудал”-д үлдэх сонирхлоор Г.Занданшатарын эсрэг кноп дарах гишүүдээ тушиж буй гэх мэдээлэл байна. АН-ын хувьд О.Цогтгэрэл намынхаа байр суурийг тодорхой гаргаж чадахгүй байгаа нь өнөөдрийн улс төрийн тоглоомд хамгийн их сонирхол татаж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ