Өмнөговийн 133 оюутан Оюу толгойн тэтгэлэг хүртлээ

img



“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт шалгарсан оюутнууд тэтгэлгийн батламжаа 2025 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гардан авлаа. Ингэснээр “Оюу толгой” компани нийт 1,263 оюутан залууст дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байгаа юм.   

Энэ хичээлийн жил “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг”-т 133 оюутан хамрагдаж байгаагаас 66 оюутан шинээр шалгарсан бол 67 оюутан сурлагын амжилтаа хадгалснаар гэрээгээ сунгуулсан байна.   

2016 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү тэтгэлэг нь эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, мэдээллийн технологи, барилга, уул уурхайн инженерчлэл, хөдөө аж ахуй, нийгмийн салбар зэрэг орон нутагт нэн хэрэгцээтэй мэргэжлээр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод суралцаж буй  оюутнуудад 2 тэрбум гаруй төгрөгийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэгийг олгосон нь тэдний сурлагын амжилтад бодит дэмжлэг үзүүлж, оюутан болон гэр бүлд нь санхүүгийн чухал түшиг болж ирсэн.   

Түүнчлэн тус хөтөлбөрт хамрагдаж төгссөн оюутнуудын 85 хувь нь орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, Өмнөговь аймгийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.   

“Оюу толгой” компанийн хэрэгжүүлдэг боловсролын бусад хөтөлбөрүүд  

“Оюу толгой” компани залуучуудыг дэмжих, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор дараах боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.  

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр: Монголын их дээд сургуульд уул уурхайн болон бусад чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдний сурч хөгжих боломжийг дэмжих зорилготой.   

Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр: “Оюу толгой” компанийн Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудад дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад уул уурхайн чиглэлээр суралцахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.   

Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр: Их сургуулиа төгссөн шинэхэн төгсөгчдөд мэргэжлээрээ ажиллах, туршлагажих боломж олгон, ирээдүйн карьераа эхлүүлэхэд чиг баримжаа олгох хөтөлбөр.   

Дадлагажигч оюутан хөтөлбөр: Оюутнуудыг  сурч байгаа мэргэжлийн чиглэлээр “Оюу толгой” компанид цалинтай дадлагажих, туршлага хуримтлуулах боломжийг олгодог хөтөлбөр.  

Залуусын хөгжлийн хөтөлбөр: Ахлах ангийн сурагчдад зориулсан ур чадвараа хөгжүүлэх, хичээлээс гадуур сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр.  

Эдгээр хөтөлбөрүүд нь боловсролоор дамжуулан залуу үеийг дэмжих, улмаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах Оюу толгойн урт хугацааны бодлогын нэг хэсэг юм.  

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн талаар  

“Оюу толгой” компани 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) төрийн бус байгууллагыг 2015 оны 9 дүгээр сард байгуулсан. ГОХДС нь Өмнөговь аймаг болон “Оюу толгой” компанийн түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Цогт-Овоо, Даланзадгад сумдын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдан зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.    

2015 оноос хойш “Оюу толгой” компани ГОХДС-д жил бүр 5 сая ам.долларын санхүүжилтыг олгон, тус сан нь иргэдийн санал хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтийг Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулснаас зөвхөн боловсролын салбарт чиглэсэн буюу сургууль, цэцэрлэгийн барилга барих, тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг чадавхжуулах сургалт зэрэг 169 гаруй төслийг 46.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Томоохон төслүүдээс дурдвал:   

  • Даланзадгад сумын 1,200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг   
  • Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг   
  • Даланзадгад сумын 174 хүүхдийн 25, 26 дугаар цэцэрлэг   
  • “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд 2016-2024 оны хугацаанд давхардсан тоогоор 630 оюутанд нийт 1.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон.   
  • Аймгийн байгалийн түүхийн музейг 100 хувь санхүүжүүлэн, барилга бүтээн байгуулалтыг хийж 2022 оны 5 дугаар сард нээсэн нь боловсрол, шинжлэх ухааны салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалт төдийгүй аялал жуулчлалын чухал цогцолбор болсон.    

Аймгийн хэмжээнд иргэдийн боловсролыг дэмжих зорилгоор сургалтын байгууллагын удирдлага, манлайллын менежментийг сайжруулах, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлэх хөтөлбөрийг 2024-2028 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.     

ГОХДС-ийн дэлгэрэнгүй мэдээллийг тус сангийн www.goviinoyu.mn  цахим хуудас болон www.facebook.com/GobiOyuDSFFacebook хуудаснаас авах боломжтой. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ