Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тоглоомд татагдав уу?

img

 

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн төв цэгт Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал байв.  Баасан гарагт Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг мухарлана гэх хүлээлттэй байсан юм. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны (ТББХ) хуралдаан үл ойлгогдох шалтгаанаар гэнэт хойшлогдож, эрх баригчдын дотоод “зодоон” үндсэн хуульт парламентын дэг рүү халдаж эхэлсэн нь олон нийтийн дунд хов болж байсан хардлагыг үнэн байж болох юм гэсэн бодолд хөтлөв.

Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан Ц.Сандаг-Очир гишүүн ТББХ-ны хуралдааныг даргалсан нь хууль зөрчөөгүй байж болох ч ёс зүйн хувьд тохиромжгүй. Аль ч талаас нь бодсон Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан бол довтолж л таарна. Тэгээд ч энэ бүхэн нь түүний хуралдаан даргалж буй байр байдлаас нэвт шувт харагдсан юм. Тэрээр сэтгэл хөдлөлдөө автаж, хэт нэг талыг барьж туйлширсан, Ерөнхий сайд Г.Занданшатар руу дайрсан өнгө аястай асуулт тавьж байсан зэргээс нь анзаарагдаж байв. Үнэндээ МАН-ын эрхбаригчдын сандал суудлын төлөөх зодоон төрийн зовлон болж эхэлсэн. УИХ-ын чуулган ганц нэгхэн асуудал хэлэлцэсэн төдийд завсарлаж, байнгын хорооны хуралдаанд гишүүд нь суухаа больчихсон. Тэд хэнийг огцруулах вэ гэдэгт л санаа чилээж буй. Ёстой л жоомоо алах гээд байшингаа шатааж эхлээд буй. Иргэд тэднээс залхаж баасан гарагт асуудлыг аль нэг талд нь шийдээсэй гэсэн хүлээлттэй байсан юм. Гэтэл ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир гэнэт ажлын цаг дууссан, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг даваа гарагт 11 цагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээгээд алх цохичихсон. Ерөнхий сайдыг огцруулах гэж улангасаж байсан гишүүд гэнэт ийм шийдвэр гаргасан нь олны гайхшралыг төрүүлсэн төдийгүй амралтын өдрүүдэд тохироогоо хийх нь гэх битүү хардлага төрийн ордонд холхив...

Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн мэдүүлснээс хойш гурав хоногийн дотор хэлэлцэж эхэлж, арван хоногт багтаан шийдвэрлэх заалттай.

Энэ хугацааг албаар зөрчсөн тохиолдолд УИХ-ын дарга Үндсэн хуулийн 29.3 дахь хэсгийг ноцтойгоор зөрчсөнд тооцогдож, өөрөө ч хариуцлагын асуудалтай тулах хууль зүйн үндэслэл бүрдэн

УИХ-ын дарга хэн бэ?

УИХ-ын дарга бол парламентын үйл ажиллагааг хууль, дэгийн хүрээнд удирдах үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтан. Гэвч өнгөрөгч долоо хоногийн үйл явдлын дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн байгууллагын тэнцвэр, хариуцлагын зарчмаас гажиж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн улс төрийн байр суурийг хамгаалагчийн дүрд орж эхэлжээ гэж харагдав. Хардахад шалтгаан хэрэгтэй...

Тухайн долоо хоногт УИХ болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталдаг. Энэ бол УИХ-ын дотоод зохион байгуулалтын үндсэн эрх зүйн механизм. н Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг өнөөдөр /2025.10.13/ 11 цагт хэлэлцэх товтой байв.

Гэтэл даваа гарагт Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх товыг дарааллаас хасаж, харин оронд нь  Л.Оюун-Эрдэнийн нэр холбогдсон Ухаа худгийн хэрэгтэй холбоотой түр хорооны “сонсгол” зохион байгуулагдахаар товлогдчихов. Үнэндээ энэ бол олон нийтийн анхаарлыг гол асуудлаас сарниулах, "улс төрийн уур амьсгал"-ыг удирдах гэсэн тактик бөгөөд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлын хажуугаар гэнэт ийм зүйл сөргүүлж тавьж буй нь Л.Оюун-Эрдэнийг зөвтгөх гэсэн хүүхдийн тоглоом шиг зүйл байв. Тов гэнэт өөрчлөгдсөнийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу олж харан энэ бол УИХ-ын даргын огцох шалтгаан мөн хэмээн хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийсний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлын товыг буцааж оруулж ирсэн гээд үнэндээ МАН-ын лийдерүүд учраа олохгүй будилж, цөхөж байгаа бололтойдог.

Ингэхэд Ерөнхий сайдыг огцруулах асуудал урагшлахгүй байгаа шалтгаан зөвхөн нэг байнгын хорооны даргын "хувийн шийдвэр" гэж үзэхэд гэнэн хэрэг. Үнэндээ энэ бол эрх баригч МАН доторх “эрх мэдлийн шинэ тэнцвэр”-ийг хадгалах гэсэн, улс төрийн маш нарийн тооцоололтой төлөвлөгөө байж мэднэ.

Тэр дундаа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ухаа худагтай холбоотой асуудалд сэжиглэгдэж эхэлсэн цаг үед хариу ажиллагаа маягаар сөрөг довтолгоонд орсон байж болох. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүнд зориулсан улс төрийн “цэвэрлэгээ” хийхэд оролцож, хууль зөрчиж буй бол энэ нь институцийн хувьд маш ноцтой үр дагавартай алхам юм.

Үндсэн хууль хаана байна?

Өрнөж буй үйл явдлууд “Нүүрсний мафи төрд  байр сууриа хадгалахын тулд Үндсэн хуулийг ил цагаан зөрчих гэж улайрч байна гэх хардлага улам бодитой болж мэдэхээр байна. Үндсэн хуульд төрийн эрх мэдэл харилцан хяналттай, хариуцлагын тогтолцоонд тулгуурлах ёстойг тодорхой заасан байдаг ч, өнөөдөр энэ зарчим гажуудахад тун ойр байна.
Эрх мэдлийг атгасан бүлэглэл хуулийн механизмыг хамгаалалт бус, өөрсдөдөө ашигтай байдлаар өөрчлөн зохицуулж, төрийн институцийн тэнцвэрт байдлыг улам эмзэг болгож байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ цаг үед институцийн дархлаа, хууль дээдлэх зарчмыг хамгаалах үүрэгтэй. Гэвч тэрээр намын эрх мэдэлтнүүдийн зодооны  гол дүрд орж, бусдын карьерыг хамгаалагч болон ноцож,төлөөсөнд нь өөрийнхөө легитим чанараа алдаж мэдэхээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ