Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Өнөөдөр /2025.10.13/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны (ТББХ) хуралдаанаар Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Баасан /2025.10.10/ гарагт УИХ-ын ТББХ-ны хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар 20 минут тусдаа уулзах шаардлагатай болж хуралдаан түр завсарласан. Тэд юу ярьсныг ёстой л ''чөтгөр'' мэднэ. Хоёул хуралдаандаа инээмсэглэж орж ирсэн ч тэдний дунд үүссэн ан цав улам алсарсан нь асуулт хариултаас нь ажиглагдаж байв. Уг нь эл өдөр ТББХ-ны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж Ерөнхий сайдын асуудлыг мухарлах хүлээлттэй байсан. Угаас нь тэгнэ гэж итгэж байв. Гэтэл ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир гэнэт л хуралдааныг даваа гарагийн 11 цаг хүртэл завсарлууллаа, ажлын цаг дууссан байна гэчих нь тэр. Тиймээс уг асуудал дахин нэг долоо хоногоор сунжрав.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн үзэж, албан ёсоор огцруулах саналыг УИХ-д хүргүүлсэн.
МАН-ын шинэ дарга Д.Амарбаясгалан болон Г.Занданшатар нарын хоорондын үл ойлголцол аль хэдийн нам дотор “фракц” үүсгэчихсэн. Хэн нь дийлэхээ үзье гэдэг тулаан төрийн ордонд өрнөж, байнгын хороо, чуулганы хуралдаанууд оромцоглогдож, төрийн ордонд хөл толгой нь мэдэгдэхгүй чимээгүй үймж буй. Г.Занданшатар намын даргын сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөлгүй, дотоод эв нэгдлээ эвдэж улмаар улс төрийн маневр болгох гэж оролдсон ч түүний нүүдэл Д.Амарбаясгалангаас хоцорч буй нь хүчгүйдэх шалтгаан нь болоод байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөө суугаа байр сууриа хамгаалах зорилгоор эцэстээ спикер Д.Амарбаясгаланг ёс зүйн хариуцлагад татах санаачлага гаргаж буй нь засаглалын хоёр салаа эрх мэдэл болох хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын зөрчлийг улам лавшруулж байна.
Юутай ч нэг талд Г.Занданшатарыг огцруулах саналд УИХ-ын 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан бол нөгөө талд Д.Амарбаясгаланг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зурсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ