ГХЯ: “Atticus Partners”-тай хамтран ажиллаж байгаагүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Эрдэнэс Оюутолгой компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг "Хэро энтертайнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон" гэх ноцтой баримт дэлгэсэн.
Харин үүний хариуд найруулагч Б.Баатар Atticus Partners Ltd компанийн гаргасан мэдэгдлийг нийтэлжээ. Тус мэдэгдэлд тус компани нь "Бид The Mongol Khan" тайзны бүтээлийн бэлтгэл болон хэрэгжилтэд ямар нэгэн байдлаар оролцох, гэрээ санхүүжилт хийгдээгүй болохыг баталж байна. Хэрэв ямар нэгэн ажил уг бүтээлтэй зэрэгцэн хийгдсэн бол энэ нь Монгол-Их Британийн дипломат харилцааны 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд, Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-тай зөвшилцөн хэрэгжсэн болно" гэжээ.
Харин уг мэдэгдлийн хариуд ГХЯ-наас "Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод бүртгэлтэй, бие даасан зөвлөх болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг “Atticus Partners” гэх компанийн зүгээс 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байсан хэмээн дурджээ.
Гадаад харилцааны яамны зүгээс "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Гадаад харилцааны яам нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг.
Төрийн болон албаны нууцын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын дагуу төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээний тухай мэдээлэл нь төрийн нууцад хамааруулах мэдээлэл болно /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.1.д/.
Гадаад харилцааны яам төрийн дээд, өндөр түвшний гадаад айлчлал, арга хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг төрийн нууцтай танилцах эрхгүй нэгж, албан тушаалтан, гадаад улсын хуулийн этгээдтэй хуваалцах, аливаа ажил гүйцэтгүүлэх боломжгүй бөгөөд энэ нь хуулиар хориотой юм" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ