54:67=''бойкот''

Улс төрийн хөшигний ард ширүүн тулаан өрнөж, төрийн жолоог атгах тэмцэл эрх баригч нам дотор фракцын дайнд шилжжээ
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын чуулганы танхимд улс төрийн уралдаант “бойкот” өрнөж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудал дээр МАН-ын дотоод фракцуудын тэмцэл ил болж ''булайгаа'' дэлгэлцэж буй. Үр дүнд нь төрийн бодлого зогсонги байдалд орж, хууль тогтоох үйл явц бараг 20 гаруй хоног гацлаа. Энэ хугацаанд нэг ч хууль батлагдаагүйг УИХ-ын албан ёсны вэб хуудасны хууль эрх зүйн мэдээллээс харж болно.
Өчигдөр /2025.10.13/ ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж дуусах хуулийн хугацаа улам бүр ойртож байна. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “гишүүд бойкот хийж байна” гэсэн нь парламент доторх зөрчил, үл итгэлцэл гүнзгийрч дээ гэж хэлж болохоор байв.
Төрийн байгууллагын ажилд ийм байдлаар саад үүсгэх нь Үндсэн хуулийн зөрчил болох ноцтой үр дагавартай. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногийн дотор эцэслэн шийдэх үүрэгтэй. Хэрэв УИХ энэ хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах эрх нээлттэй.
54:67 ‘’огцруулах’’ давалгаа
Улстөрийн тэмцэл зөвхөн Ерөнхий сайдын асуудлаар зогсохгүй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу хэдийнэ чиглэсэн. Тэднийг огцруулах хөдөлгөөн парламент дотор нэгэн зэрэг өрнөж, эрх баригчдын дотоод зөрчил ил гарч эхэлсэн. Г.Занданшатарыг огцруулах бичигт 54 гишүүн, Д.Амарбаясгаланг “огцруулах” бичигт 67 гишүүн гарын үсэг зурсан бол нийт 9 гишүүн хоёр талд зэрэг гарын үсэг зурж, 14 гишүүн огт оролцсонгүй. Харин төрийн тэргүүн маань нам дотор нь өрнөж буй үйл явцыг алсын зайнаас ажиглаагүй бололтой. Засгийн газрыг унагаж мэдэхээр гишүүдийг төрийн ордноос сугалаад айлчлалын багтаа оруулчихсан явна. Б. Батцэцэг, С.Амарсайхан, Г.Тэмүүлэн, Б.Найдлаа, Б.Бэйсен, Н.Номтойбаяр, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, С.Замира, Ө.Шижир нарыг авч явсан. байна.
Улстөрийн хямрал бодит эдийн засагт халдаж эхэллээ
Улс төрийн энэ зодоон зөвхөн танхимын доторх маргаан биш, нийгэмд шууд сөрөг нөлөө үзүүлж байна. 2026 оны улсын төсвийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ үед эрх мэдлийн тэнцвэр алсарч, засаглалын хямрал нүүрлэж мэдэхээр ноцтой байдалд тулж ирээд байна.
- Эмч, багш, тэтгэврийн насны иргэдийн цалин тэтгэвэр нэмэх шаардлага хаалга тогшиж,
- Өвөлжилтийн бэлтгэл сул хэвээр,
- Гадаадын хөрөнгө оруулалтын итгэл сулрах эрсдэл нэмэгдэж байна.
Монгол төрийн институц хоорондын тэнцвэр алдагдаж, парламентад итгэх ард иргэдийн итгэл улам бүр унаж буй. Улстөрчдийн дотоод маргаан улсаа удирдах чадваргүйд хүргэж, засаглалын хямрал руу хөтөлж байгааг тэд ч хүлээн зөвшөөрч мухардлаасаа ангижирч чадахгүй яваагаа нуусангүй. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, төрийн үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах цаг болжээ. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд хувийн сонирхлоо биш, нийтийн эрх ашгийг бодож кноп дарах цаг...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ