Иргэний нэрээр банкны ажилтан тэтгэврийн зээл гарган залилсан хэрэг илэрчээ

Өмнөговь аймагт нэр бүхий банкны ажилтан иргэний хувийн мэдээллийг ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэврийн зээл гарган авсан хэрэг илэрч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг хэрэгт холбогдох баримтуудыг хуурамчаар үйлдэж, иргэний мэдлэггүйгээр банкны системд зээл олгосон үйлдэл тогтоогджээ. Одоогоор уг хэрэгт холбогдох ажилтныг саатуулан шалгаж байгаа бөгөөд хохирлын хэмжээг тодорхойлох ажиллагаа үргэлжилж байна.
Хууль сахиулах байгууллагаас иргэдийг хувийн мэдээллээ хамгаалах, банк, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой баримт бичгийг гуравдагч этгээдэд өгөхөөс зайлсхийх, мөн цахим орчинд хувийн мэдээлэл нийтлэхдээ болгоомжтой байхыг анхааруулж байна.
Ташрамд дурдахад, энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд түүний 80 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна гэж ЦЕГ-ын албаныхан мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ