Багш, эмч, ахмадуудыг 8-20 хувийн нэмэгдлээр ''молигодох'' уу?

УИХ-дахь МАН-ын ''38-ын бүлэг'' өчигдөр даргагүйгээр бүлгийн хурлаа хийж, улстөрийн шийдвэр хүртэл гаргасан. Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас огцруулсан хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцсон. Багш, эмч, ахмадуудын цалин тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал Г.Занданшатарын Засгийн газрын эмзэг цэг дээр нэрмээс болж буй. Тэд маргаашнаас ажил хаяж, төв талбай дээр жагсана. Тиймээс өчигдөр тэвчиж болох зардлаа танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрсэнээ дуулгасан.
Цалингийн нэмэгдэл бол амьжиргааны наад захын баталгаа болж байх учиртай. Гэвч энэ удаагийн нэмэгдэл үнэхээр бодит дэмжлэг болж чадах уу, эсвэл ээлжит "гал намжаах" арга хэмжээ болов уу? гэдгийг бодох л хэрэгтэй байна.
Жишээлбэл, 1 сая төгрөгийн сарын цалинтай багшийн хувьд 15 хувиар нэмэгдсэн тохиолдолд 150,000 төгрөгөөр өснө. Энэ нь сард нэг удаагийн хүнсний худалдан авалт, эсвэл зээл, зээлийн хүүгийн төлөлтөд хүрэхтэй үгүйтэй хэмжээ. Харин эмч нарын хувьд, 1.2 сая төгрөгийн цалинтай бол 10 хувийн нэмэгдэл нь 120,000 төгрөг яг л төдий хэмжээний шатахууны үнэ, эсвэл өссөн хэрэглээний зардлын нөхөөс болж дуусна.
Ахмадуудын 500,000 төгрөг орчим тэтгэвэрт 8 хувь нэмэхэд ердөө 40,000 төгрөгийн өсөлт харагдана. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид дорвитой тус болохгүй нь тодорхой.
Монгол Улсад инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь амьдралын өртгийг мэдэгдэхүйц өсгөсөн. Цалин, тэтгэврийн ийм хэмжээний нэмэгдэл нь үндсэндээ зах зээлийн инфляцын хурдыг гүйцэхгүй, бүр давахгүй байгаа тоо юм. Цалинг нэмсэн ч, бараа бүтээгдэхүүний үнэ түүнийг даган өсөх нь тодорхой. Ингэснээр цалин нэмэгдсэн биш, харин иргэдийн бодит худалдан авах чадвар бүр буурна.
Засгийн газраас цалин нэмэх шийдвэр гаргах болгондоо "ард иргэдээ бодож байна" гэх мессеж өгдөг ч бодит байдал дээр амьдралд мэдэгдэхүйц, тогтвортой өөрчлөлт авчирч чадахгүй байгааг олон нийт мэддэг болсон.
Багш, эмч, ахмадууд бол нийгмийн тулгуур давхарга. Тэдний хөдөлмөр, тэдний оршин тогтнол тогтвортой, эрх тэгш байхгүй бол нийгмийн хөгжил, хүний хөгжлийн тухай ярих нь утгагүй. Засгийн газрын хувьд цалин нэмсэн болж, олон нийтэд “сайн мэдээ” хүргэсэн мэт болох нь зүгээр л гал намжаах арга. Түүнээс биш бодит үр дүнтэй шийдэл огтоос биш.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ