“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

img

 

Айлчлалын хүрээнд Шинэ Дели хотноо зохион байгуулсан  “Энэтхэг-Монголын бизнес форум”-д хоёр орны төр, засгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Форумаар эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, тээвэр логистик, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, эмийн болон аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал, барилга, дэд бүтэц зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбооны Ерөнхийлөгч асан Мадхав Сингханиа нар нээж хэлсэн үгэндээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн оруулах хувь нэмэр их гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.

Мөн Шадар сайд С.Амарсайхан, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве нар мэндчилгээ дэвшүүлж, уламжлалт найрсаг харилцаа өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч,  худалдаа, эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг онцоллоо.

Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд  нэмэгдэж, 2024 оны байдлаар 110 гаруй сая ам.долларт хүрээд байна.

Манай улс Энэтхэгт мал, амьтны үс, хялгас, хонины ноос, хийн буюу цахилгаан биш моторт багаж зэргийг нийлүүлж, хүнс, гэр ахуйн бараа, протез, химийн задлан шинжилгээ хийх аппарат, өргөгч, ачигч, вааран эдлэл, оёмол бүтээгдэхүүн голлон авч байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ