“Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналыг” Монгол багш хүртлээ

Монгол Улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер, багш А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналыг хүртлээ.
Боловсролын яамны мэдээлснээр, Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутамд зүүн өмнөд Азийн болон Тимор-Лестийн шилдэг багш нарт олгодог “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ыг энэ жилээс өргөжүүлж, Бангладеш, Бутан, Монгол Улсыг хамруулж 14 улсын багш нарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Шагналын эзэн багш А.Уянга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэхэд нь тэгш боломж олгох чиглэлээр тууштай ажиллаж, мэргэжлийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Мөн өөрийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг сургаж, нийгэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлж иржээ. Түүний энэхүү хичээл зүтгэлийг үнэлж, “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналын сан”-гаас 10.000 ам.долларын шагнал гардуулжээ. Тус шагнал нь боловсролын салбарын шилдэг багш нарыг алдаршуулж, тэдний мэргэжлийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ