Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин шат ахилаа

img

 

 Мүүдиз (Moody’s)  Олон улсын  агентлаг Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэлийг B2-оос B1 болгон ахиулж, урт хугацааны төлвийг тогтвортой хэвээр хадгалсныг зарлалаа.

Зээлжих зэрэглэл ахих болсон үндэслэлд эдийн засаг тогтвортой өссөн, өрийн удирдлага сайжирсан, төсвийн сахилга бат бэхэжсэн, экспортын бүтэц төрөлжиж эхэлсэн үр дүнг онцлон дурдсан байна. Мөн улсын эдийн засгийн үзүүлэлтүүд түүхий эдийн үнийн бууралтаас үл шалтгаалан сайжирсан, засаглал болон инститицийн үр нөлөөний чиглэлд хийж буй шинэчлэлүүд ахиц дэвшил гаргасан хэмээн дүгнэжээ. Энэ нь Монгол Улс 2014 оноос хойш авсан хамгийн өндөр зээлжих үнэлгээ бөгөөд улсын эдийн засгийн бодлогын залгамж чанар, гадаад итгэлцэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүчин зүйл боллоо.

Манай улсын зээлжих зэрэглэл сайжирснаар Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэн нэмэгдэх төдийгүй, гадаад зах зээлээс хөрөнгө татах өртөг багасах, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх, санхүүгийн тогтвортой байдал бэхжих, арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэх юм.

Тус агентлаг 2 жил дараалан Монгол Улсын зээлжих зэрглэлийг нэмж, энэ онд “В1, Тогтвортой” түвшинд хүргэж сайжрууллаа. Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг багасгахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдолтой үзүүлэлт юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ