11 дүгээр сарын 26-нд өвлийн Олимпын галыг асаахаар товложээ

Эртний Олимп хотод ирэх сарын 26-нд болох 2026 оны өвлийн Олимпын наадмын галыг асаах ёслолыг зохион байгуулах дээд удган ба галт бамбарыг Грекийн нутгаар буухиалах хүмүүсийн нэрсийг Грекийн Үндэсний Олимпын хороо танилцууллаа.
Өвлийн Олимпын наадам Италийн Милан, Кортина-д'Ампеццо хотуудад ирэх оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд болно.
Афин хотын Олимпын музейд болсон ёслолын үеэр дээд удганы дүрийг бүтээх Грекийн жүжигчин эмэгтэй Мэри Минаг танилцуулжээ. Тэрбээр парабол толины тусламжтайгаар нарны цацрагаас галыг бадамлан асаах ариун ёслолыг эхлүүлэх бөгөөд бүжиг дэглээч Артемис Игнатиугийн найруулсан театрчилсан үзүүлбэрийг удирдана.
11 дүгээр сарын 26-ны өдөр болох Олимпын бамбарыг асаах ёслолын дараа Грекийн нутгаар Олимпын бамбарыг буухиалах аян эхэлж, 12 дугаар сарын 4 хүртэл үргэлжлэх бөгөөд тус улсын 23 муж, 7 бүс нутгаар дайран өнгөрөхдөө 2200 км замыг туулна. Энэ хугацаанд Олимпын галыг угтан авах 36 удаагийн ёслол болно. 450 бамбар буухиалагч оролцох уг аян Пиргос, Амалиада, Калаврита, Патры, Агринио, Карпениси, Каламбака, Мецово, Козани, Кастория, Флорина, Науса, Серре, Драма, Салоники, Ламия, Арахова, Левадия, Афин гэсэн хот, суурин газруудыг дайран өнгөрч, 12 дугаар сарын 4-ний өдөр нийслэл Афин хотын “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд Милане ба Кортина-д'Ампеццогийн өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хороонд бамбарыг хүлээлгэн өгөх ёслол болно.
Эртний Олимп хотод Их удганы гараас галт бамбарыг хүлээн авах хамгийн эхний хүн бол Грекийн уулын цаначин Александрос Гиннис юм. Өөрт нь Олимпын галт бамбарыг хамгийн түрүүнд түүчээлэх эрхийг олгосныг сонсоод тэрбээр ихэд догдолж, бахархсанаа ярилаа. Харин хамгийн сүүлд "Панатинаикос" цэнгэлдэх хүрээлэнд Олимпын галыг хүлээн авах хүн бол Грекийн усан пологийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Елена Ксенаки юм. Энэ зун болсон усан спортын ДАШТ-д алтан медаль хүртсэн амжилтыг нь өндрөөр үнэлэн түүнд өндөр итгэл найдварыг хүлээлгэжээ. Эх сурвалж: Монцамэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ