Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах өргөдлийг хэлэлцлээ

img

 

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хорооны  энэ сарын 22-ны өдрийн хамтарсан хуралдаанаар иргэн Б.Номингоос нийтийн өргөдөл, гомдлын цахим системээр ирүүлсэн эмч, багш нарын цалинг нэмэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцлээ. 

Иргэн Б.Номингийн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахыг дэмжсэн аж. Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Ганзориг танилцууллаа. Тэрбээр, Өргөдлийн байнгын хорооноос Төсвийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, бодлогын шийдвэр гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг дурдав.

Засгийн газар өнгөрөгч долоо хоногт дээрх асуудлыг тухайлан хэлэлцэж, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх, боловсролын салбарын багш, ажилчдын цалинг 20 хувь,нэмэх тооцоолол гаргаад байгаа юм. Эдгээрт болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийтдээ 831 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гаргаад буй. Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьчихсан тул УИХ тооцооллуудаа нэгтгэж, ажлын хэсгийн хүрээнд саналуудаа тусгаад явах нь зүйтэй гэсэн байр суурийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг илэрхийллээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссаны дараа иргэн Б.Номингийн нийтийн өргөдөл, гомдлын системээр гаргаж, 33038 иргэн дэмжсэн эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах өргөдлийг ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ