ШҮҮХ: Холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торголоо

img

 

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд холимогч тулаанч Г.Чинзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Гантулгын Чинзоригийг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алахыг завдсан” гэмт хэрэгт,

Шүүгдэгч Мягмардоржийн Тэнгисийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэрэгт тус тус буруутган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Чинзоригийн өмгөөлөгч нар “...гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх...”;

Шүүгдэгч М.Тэнгисийн өмгөөлөгч “...гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” байр суурь тус тус илэрхийлж улсын яллагчтай мэтгэлцэж оролцсон.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, мэдүүлэгтэй танилцахад шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж үзэж шүүгдэгч Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Чинзориг нь эмчилгээний зардалд 12.000.000 төгрөгийг М.Тэнгист төлж барагдуулсан, шүүгдэгч М.Тэнгис эмчилгээ бүрэн хийгдсэн, эдгэрсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус мэдүүлсэн.

Шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;

Шүүгдэгч М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ