МОНГОЛ УЛС БРИТАНИ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эрчим хүчний шинэчлэлийг Британийн холбогдох албаны хүмүүс, бизнес, хувийн хэвшилд танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор Шадар сайд бөгөөд Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 10 дугаар сарын 20-22-нд Британи Улсад ажлын айлчлал хийв.
Энэ хүрээнд тэрээр “Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”, “Монголын ирээдүйг гэрэлтүүлэх нь: Эрчим хүчний шинэчлэл ба хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээ” семинар, “Монгол-Британийн дэд бүтцийн түншлэлийн форум” зэрэг олон чухал арга хэмжээнд оролцож, Британийн эрчим хүч, дэд бүтэц, банк санхүүгийн салбарт ажиллаж буй томоохон компаниудын төлөөллүүдэд эрчим хүчний шинэчлэлийн талаар танилцуулав.
Мөн тэрээр Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг-Номхон далайн сайд Сийма Малхотра, Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэрийн асуудал хариуцсан сайд Крис Макдоналд, Британийн Парламентын гишүүн Жэймс Вайлд, Баронесс Эванс, Парламентын гишүүн Эндрью Розиндаль зэрэг албаны хүмүүстэй уулзав.
Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Лондонгийн хөрөнгийн бирж, Монгол-Британийн Худалдааны танхим, CityUK, JP Morgan, UKEF зэрэг байгууллагуудтай уулзалт хийв. Шадар сайд Т.Доржханд эдгээр уулзалт, арга хэмжээний үеэр Монгол Улс уул уурхайн түүхий эдийн экспортод түшиглэсэн хүрэн эдийн засгаас сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан ногоон эдийн засаг руу шилжиж, улмаар ирээдүйд эрчим хүч экспортлогч улс болох зорилт тавин ажиллаж буйг дурдаж, Британийн төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ