“Жүр үр” ХХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

img
 
“Жүр үр” ХХК  “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, 10,000 кв.м талбай бүхий үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.

Үйлдвэрт Герман, Нидерланд, Итали, Испанийн талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэх автомат шугам, шарах шүүгээ, хөргүүртэй агуулахууд, гүн хөлдөөгч төхөөрөмж суурилуулсан байна.

Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж нь 2-4 дахин нэмэгдэж, хүчин чадал 50-200 хувиар өсөх боломж бүрджээ. Энэ үйлдвэр бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүн, аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжиж байгаагийн  илрэл гэдгийг компанийн удирдлагууд хэллээ.

“Жүр үр” ХХК 1,200 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, 36 салбартай, 300 гаруй харилцагчаар дамжуулан 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй төрлийн амттан нийлүүлж байна

Төрөөс мах, сүү, газар тариалан гээд хүнсний үйлдвэрлэлийн салбарыг тасралтгүй дэмжиж ирсэн ч гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамрагддаггүй байсан. 

Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ салбарыг анх удаа бодлогоор дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6 хувийг  хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.

Мөн энэ хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ