МАН эвлэрсэн ч илчилсэн хулгайгаа мухарла...
Хүрээний бузрыг яривал далай, далай гэдэг шиг эрх баригч МАН-ын удирдлагууд сандал, суудлаасаа болж нэгнээ илчлэн гүтгэж булайгаа дэлгэлцэж байна. Тэднийхээр бол бүгд хулгайч, ялгаа нь хэн нь арай илүү хумсалсан бэ гэдэг л болохоос биш Монголын төрд тонуулчид үүрлэснийг өөрсдийнх нь баримт гэж харуулж буй ээлжит сюрпризууд нь харуулсан. Нэгэн цагт С.Бямбасүрэн гуай Монгол бол хямрал нүүрлэсэн орон биш хулгай нүүрлэсэн орон гэж хэлсэн нь ч ортой байсныг эрх баригч намын лийдерүүдийн шидэлцэж буй баримтууд нотлох шиг. 100 гаруй жилийн түүхтэй улстөрийн ууган хүчин МАН өдгөө хоёр хуваагдаж, УИХ-дахь олонхи цөөнхи болчихсон, 30, 35-аараа хуваагдчихсан, хоёр бүлгийн даргатай хөлөө жийлцэж буй. МАН-ын дарга хэн болох вэ гэдэг эрх мэдлийн төлөөх тэмцлээс эхлэлтэй энэ хямрал хаа хүрч дуусахыг таашгүй. Ээлж дараалан нэгнээ хэвлэлээр гөвшсөн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс хойш С.Амарсайханыг танхимаасаа хөөснийг эс тооцвол одоохондоо ангиргүй байна. МАН-ын дүрмийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт МАН-ын даргыг намын их хурлаас дараагийн их хурал хүртэлх хугацаагаар сонгоно гэж заасан нь бий. ‘’Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм байна лээ’’ гэдэг шиг Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар өөрсдөө л намын дүрмээ зөрчиж дарга болох гэж улайрсан нь өнөө дүрмийн бус хэмээгдэж хүлээн зөвшөөрөгдөхгүй яваа. Тиймээс дүрмийн бусаар сонгууль явуулснаа хүлээн зөвшөөрч ирэх сард товлогдсон намын их хурлаа хүлээхээс өөр яалтай. Харин энэ хүртэл нэгнийхээ мууг үзэж яваа Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар ба тэдний нөхдийг Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг эвлэрүүлэх үүргийг УЗ-өөс нь өгчихсөн. Хугацаа давчуу, тэгээд шил нь татчихсан намын лийдерүүд эвлэрнэ гэдэг юу л бол. Намын бүлгээ эвлэрүүлж байж Их хурлаа хийнэ гэсэн УЗ-ийн шийдвэрийн маргааш Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг танхимынхаа эсрэг ажилласан гээд хөөчихсөн. Гэтэл С.Амарсайхан нь бүлгээ эвлэрүүлэх ажлын хэсгийн гишүүн. Тэгэхээр энэ байдлаар уг намд эвлэрэх хүсэлтэй хүн нэгээхэн нь ч үгүй бололтой. Тэгээд ч эвлэрэхээсээ нэгэнт өнгөрснийг намынхаа зовлонг Монгол төрийн босго давуулан оруулж ирсэн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тойрон хүрээлэгчдийн хэлж ярьж буй үгс нотолж буй. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч хулгайтай эвлэрэхгүй гэж хэлсэн нь бий. Яахав эр, эм хоёр битгий хэл эрүү толгой салдаг л юм гэнэлээ. Муудалцаж, дайсагналцахыг ч алийг тэр гэхэв. Угаас улстөрчид эрх ашгаараа эргээд эвлэлддэг юм хойно энэ нэг их сонин биш. Гэхдээ энэ удаагийн хагарлыг эвлэрүүлэн зуучлагчаар намжаах бус хууль шүүхээр мухарлах учиртай хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй баримтууд бий гэдгийг яав ч мартаж болохгүй. Эвлэрэх нэрийдлээр дэлгэлцсэн гэмт хэргүүдээсээ нэг бол нэрээ цэвэрлэж, үгүй бол гэмээ үүрэх нь хүн биш хууль засагладаг оронд хэрэгжих ёстой шударга ёсны зарчим. Хүрээний бузрыг дэлгээд өнгөрөх биш цэвэрлэх ёстой. Монголчуудад МАН-ын эвлэрэх эсэх нь ёстой 100-р асуудал. Хууль хүн бүрд ижил тэгш үйлчлэх ёстой гэсэн Үндсэн хуулийг хэрэгжүүлж, нэгнээ намнах зорилгоор дэлгэлцэж буй хөзрүүдийг нь барих биш дарах л учиртай. Нэгэнт нийтэд ил болсон асуудлыг намын дотоод тохиролцоогоор шийдвэрлэх гэж оролдвол нийгэмд шударга ёс тогтох зарчим үгүй болно. Тиймээс эвлэрэх нэрийдлээр илэрсэн гэмт хэргийн шинжтэй баримтуудыг нам дотроо өрнөсөн улстөрийн аргыг ашиглан хааж, мартагнуулна гэж байхгүй. Үгүй бол МАН-д 2028 онд гишгэх азар үгүй гэдгийг мартаж болохгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ