Энэ сарын 21, 26-нд бүх нийтээр амарна

img

 

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар манай улсад жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүд тохиож байгаа бөгөөд нийт 16 өдөр амарч байна.

Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож буй.  Тодруулбал, жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу арваннэгдүгээр сарын 21-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг “Үндэсний бахархлын өдөр” хэмээн нэрлэгдэж, бүх нийтээр амрах хуультай.

“Үндэсний бахархлын өдөр” нь Монголчуудын төр, түүх, соёл, үндэсний үнэт зүйлсээ дээдэлж, Их эзэн Чингис хааны түүхэн гавьяаг хүндэтгэн дурсах зорилготой өдөр юм. Энэ өдөр төрийн далбаа мандуулж, хүндэтгэлийн ёслол, урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Мөн төрийн өндөрлөгүүд Чингис хааны нэрэмжит төрийн шагнал гардуулж, Монгол Улсын түүх, уламжлалыг дэлхий дахинд сурталчлах үйл ажиллагаа өрнөдөг уламжлалтай.

Түүнчлэн энэ сарын 26-ны өдөр буюу “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм. 1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улс орны үндэс суурь тавигдсан гэж үздэг.

Бүгд найрамдах Улс тунхагласны өдрийг 2016 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан бөгөөд энэ өдөр төрийн байгууллагууд, сургууль, аж ахуйн нэгжүүд амардаг. Улсын хэмжээнд хүндэтгэлийн ёслол, цэцэг өргөх арга хэмжээ, сургалт, уралдаан, үзэсгэлэн зэрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагддаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ