Т.Аубакир: Эмч, багш нарын цалингийн нэмэгдэл 2026, 2027 оны төсөвт асар их ачаалал өгөх учраас бүлгээр шийдвэрлүүлнэ

img

 

Багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээрт хүрч Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн гэсэн мэдээлэл бий.

Багш нар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлсний дараа ажил хаялтаа зогсоохоо мэдэгджээ. Тэгвэл баасан гарагийн үдээс хойш Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хэлэлцээрийг бүртгүүлэхээр хүргүүлсэн ч салбарын сайд дангаараа шийдвэр гаргахгүй заавал УИХ дахь бүлгээрээ хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах байр суурьтай байгаа аж. Учир нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэлд 2.1 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай бөгөөд энэ нь 2026, 2027 оны улсын төсөвт асар их ачаалал болох аж. Мөн инфляц нэмэгдэх учраас салбарын яам дангаараа шийдвэр гаргах боломжгүй, бүлгээр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулахаар хандсан бөгөөд өнөөдөр бүлгийн хурлаар тодорхой шийдвэр гаргавал хэлэлцээрийг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бүртгэнэ гэлээ. Мөн багш, эмч нарын цалингийн нэмэгдлийн эх үүсвэрийг гаргахын тулд улсын нийт төсвөөс 15-20 хувийн таналт хийж байгаа аж.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Бүлгийн хуралдаа хамтын шийдвэр гаргая гэж андсан. Одоо бүлгийн хурлаар хэлэлцэн, шийдвэр гаргана. Учир нь 2026, 2027 оны төсөвт багш, эмч нарын цалингийн нэмэгдэл өндөр үр дагавартай. Тиймээс манай яам дангаараа шийдвэр гаргахгүй. Хэрвээ манай бүлэг энэ хэлэлцээрийг болно гэж үзвэл яам бүртгэж авахад бэлэн байгаа. Хэлэлцээрт багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 50 хувиар буюу 700-800, арваннэгдүгээр сарын 1-ээс 26 хувиар нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Ингээд үндсэндээ 76 хувиар цалин нэмнэ гэсэн үг. Мөн тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тусгасан. Үүнд 2.1 их наяд орчим төгрөг шаардлагатай. Энэ ачааллыг төсөв даах уу гэдэг асуудал байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ