Х.Булгантуяаг хэзээ эгүүлэн татах вэ?
                        
2025 оны аравдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон.
Цэцийн уг дүгнэлт “албан тушаалтны талаар гарсан Цэцийн дүгнэлт Улсын Их Хуралд хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэх нь өөрөө Үндсэн хуулийн зөрчилд орж болзошгүй.
Түүх сануулбал,
1991 онд Монголын улс төр, хууль хяналтын байгууллагыг доргиосон “Алт дилерийн хэрэг” гарч байв. Тухайн үед Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн энэ хэрэгт холбогдон шалгагдаж, хяналтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалан хийж байсан гэдэг. Хэргийг шалгах явцад тухайн үеийн Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хууль зөрчсөн тухай асуудал үүсч, “иргэн” болсон Д.Бямбасүрэн Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Цэцийн хуралдаанд “прокурорын ажилтан Г.Баясгалан” оролцсон тухай 1994 оны тэмдэглэлд тодорхой дурдсан байдаг. Удалгүй Үндсэн хуулийн Цэц Н.Ганбаяр нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ УИХ энэ дүгнэлтийг хэлэлцээд “хүлээн авахгүй” гэсэн тогтоол гаргаж байжээ. Үүний дараа иргэн Ламжав ҮХЦ-д дахин өргөдөл гаргаж, Цэцээс “УИХ нь Цэцийн дүгнэлтийг хүчингүй болгох эрхгүй, харин шийдвэрийг шууд хэрэгжүүлэх ёстой” гэж үзэн, 1995 онд түүхэн шийдвэр гаргаж байжээ.
Х.Булгантуяа нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц нэгэнт гаргачихсан. Цэцийн энэ дүгнэлт эцсийн шийдвэр. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Баярбаатар цэцийн шийдвэр эцсийнх биш мэтээр, УИХ цэцийн шийдвэрийг хэлэлцэж хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдэх мэтээр ойлгож,ойлгуулж яваа нь хол эндүүрэл юм. Хэрвээ түүний хэлсэнчлэн дүгнэлтийг УИХ хэлэлцэх юм бол энэ нь мөн л дахин Үндсэн хуулийн зөрчил болно. Тиймээс өргөсөн тангаргаасаа няцсан Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг хөндөх нь зүй ёсны болж таарч байна. Нээрэн тухайн өдөр Х.Булгантуяаг “чулганы танхимд заавал суух ёстой” гэсэн шахалтад хэн оруулсан байж болох уу? Улстөрийн хүрээнд ийм “шахалт” ихэвчлэн намын төв штаб, фракцын удирдлагаас ирдэг гэдгийг хэн ч мэднэ. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын улстөрийн зодооны хөлд Х.Булгантуяа өртөж, энэ эмэгтэйгээр ‘’туг тахисан’’ нь үнэн. Тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг Үндсэн хууль зөрчиж явуулж буйгаа хашир туршлагатай улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж байсан бөгөөд Х.Булгантуяад зөвлөх үүрэгтэй УИХ-ын Тамгын газрын дарга ч үүнийг мэдэх учиртай субьект. Харин Х.Булгантуяад Үндсэн хуулийн зөрчил болох эрсдэлтэйг сануулсан уу эсвэл мэдсээр байж хуралдааныг явуулсан уу гэдэг асуудал бас л сонин. За тэгээд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Үндсэн хууль зөрчиж буйгаа мэдээгүй гэх нь даанч жулдсан хариулт байлаа Х.Булгантуяа гишүүн минь. Нэгэнт цэц шийдвэрээ гаргасан учраас албан тушаалаасаа огцроод өнгөрөх биш бүрэн эрхээс нь эгүүлэн татах хангалттай үндэслэлтэйг цагаан дээр хараар бичиглэн үлдээжээ.
Х.Булгантуяагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх буюу дуусгавар болговол түүний оронд нөхөн сонгууль зарлагдана. Х.Булгантуяа Баянзүрх дүүргээс сонгогдсон тул тухайн тойрогт нөхөн сонгууль явагдана гэсэн үг.
Харин Х.Булгантуяагийн хувьд, намын дотоод хамгаалалт, улс төрийн ар талд байгаа фракцуудын нөлөөллөөс шалтгаалан бүрэн эрхээ хамгаалж үлдэхийг оролдох нь мэдээж. Гэхдээ хууль зөрчсөнийг нь Цэц баталчихсан тохиолдолд ямар ч улс төрийн хамгаалалт түүнийг удаан авч үлдэхгүй л болов уу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ