“ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХЭЛЭЛЦЭХ ЭЭЛЖИТ 7 ЖИЛИЙН ХУГАЦААГ ҮЛ ХАРГАЛЗАН ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
                        
Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Рио Тинто группийн төлөөлөгчидтэй 2025 оны 10 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд уулзаж “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хувьд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хэлэлцээг эхлүүллээ.
Энэ удаагийн хэлэлцээний хүрээнд:
- Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах;
 - Менежментийн үйлчилгээний гэрээг шинэчлэх, өөрчлөх;
 - “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах чиглэлээр талууд байр сууриа илэрхийлж хэлэлцэв.
 
Талууд хэлэлцээний үр дүнд Оюу Толгой төслийн "Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү"-г хэлэлцэх тухайлсан хугацааг үл харгалзан хэлэлцээг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээр тохиролцож протоколд гарын үсэг зурж баталгаажуулав.
Түүнчлэн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтов.
Харин Менежментийн үйлчилгээний гэрээг өөрчлөх, шинэчлэх болон Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах хүрээнд Монголын талаас тавьж буй бусад нөхцлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, 11 дүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ