Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Өнөөдөр буюу лхагва гарагийн 14:00 цагаас эхлэх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар улс төрийн хүрээнд анхаарал татсан нэг асуудлыг хэлэлцэх гэж байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг томилох асуудал хэлэлцэхээр товлогджээ.
Энэхүү саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс дэвшүүлсэн бөгөөд асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэж, өнөөдрийн хуралдаанд оруулах шийдвэрийг гаргасан байна.
УИХ-дахь МАН-ын бүлгийн дээрх шийдвэр Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг. Хэрвээ МАН-ын зарим гишүүдийн үзэж буйгаар Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчөөгүй гэгдэж байгаа бол түүнийг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх нь хэлмэгдүүлэлт юм. Өөрөөр хэлбэл битүүхэндээ түүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж хүлээн зөвшөөрсөн үйлдэл бөгөөд гишүүний бүрэн эрхээс нь эгүүлэн татахгүй, албан тушаалаас нь буулгах төдийд асуудлыг аргалах гэж яваа нь энэ буй.
УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой маргаантай асуудлууд гарч, түүний үр дагавар улс төрийн түвшинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээд байна. Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд болсон чуулганы үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үед хуралдааны дэг зөрчигдсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн билээ. Тодруулбал, тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй санал дээр "дэмжье" гэсэн томъёоллоор санал хураалт явуулсан, мөн өмнөх өдрийн ирцийг хаалгүйгээр үргэлжлүүлэн бүртгэл хийсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж цэц үзсэн байдаг. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарснаас хойш УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы хуралдаанд оролцохоо больсон бөгөөд УИХ-ын гишүүний хувиар ч мөн идэвхгүй байгаа. Түүнийг дээрх асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Ингэснээр УИХ-ын дэд даргын суудал суларсан гэж үзэж болох нөхцөл үүсээд байгаа бөгөөд МАН-ын бүлэг Ж.Бат-Эрдэнийг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Ж.Бат-Эрдэнэ нь туршлагатай улс төрчдийн нэг бөгөөд өмнө нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн. Түүнийг дэд даргаар томилох асуудал батлагдвал УИХ-ын удирдлагын бүрэлдэхүүнд тодорхой өөрчлөлт гарах нь.
Улс төрийн хүрээнд энэ үйл явцыг “МАН дотоод сахилга, хариуцлагын бодлогоо хэрэгжүүлж эхэллээ” гэж дүгнэж буй бол зарим шинжээч үүнийг “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дагасан зайлшгүй алхам” хэмээн тайлбарлаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ