Шилдэг дөрөвт Монголын баг үлдлээ

img

 

Нэтфликсийн “Бие бялдар Ази” реалити шоуны шилдэг дөрвөн баг өчигдөр тодорлоо.

Өнгөрсөн сарын 28-нд найман багтай эхэлж байсан тус шоунд өдгөө БНСУ, Япон, Монгол, Австрали гэсэн дөрвөн улс ур чадвар, ухаан мэдлэг, хүч чадлаараа шалгаран үлдэв. Үүнээс тавдугаар даалгаварт Японы баг шалгарч, үлдсэн гурван баг “Үхлийн тулаан”-д орохоор болсон. Уг шоуны 10-12 дугаар бүлгийг энэ сарын 18-нд цацсанаар ялагчийг тодруулах юм.

Түрүүлсэн багийг нэр тэрбум воноор шагнана гэдгийг албан ёсоор зарлаад байгаа билээ. Энэхүү шоу нээлтээ хийснээсээ хойш Азийн орнуудад үзэлтээрээ дээд амжилтууд тогтоожээ. Тухайлбал, энэ сарын сарын 5-ны байдлаар шоуг 5.2 сая удаа үзэж, Нэтфликийн “Non-English” буюу “Англи хэл дээрх бус” ангилалд гуравдугаарт бичигдэж байна. Ингэхдээ нийт 44 улсын шилдэг 10 жагсаалтад багтаж, найман улсад нэгдүгээр байрт орсон үзүүлэлттэй байна.

Монгол Улс энэ төрлийн олон улсын шоу тэмцээнд анх удаа баг бүрдүүлэн оролцож байгаа бөгөөд өөрсдийн хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ дэлхий дахинд харуулан өрсөлдөж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ