ШШГЕГ ₮7 тэрбумаар НИССАН ПАТРОЛ Y-63 маркийн 23 ширхэг машин авчээ
Санаж байгаа бол ШШГЕГ-ын төсөв 6-7 дахин нэмэгдсэн. Хорих ангиудын нөхцлийг сайжруулах, орон тооны нэмэгдэл зэрэг нь төсөв данхайхаас өөр аргагүйд хүргэсэн гэж түрэмгийлээд нэмчихсэн. Гэтэл ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор 2025 оны 11-р сарын эхээр 7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР Ниссан Патрол Y-63 маркийн 23 ширхэг машин худалдан авсан байх юм. Энэ загварын машины стандарт хувилбар нь 299 сая төгрөг харин Y-63 limited edition хувилбарын үнэ 369 сая төгрөгөөр үнэлэгддэг юм. Тансаг хэрэглээний ангилалд багтдаг цоо шинэ Y-63 нь ойролцоогоор 300 саяас 370 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл ШШГЕГ-аас татвар төлөгчдийн мөнгөөр тансаг зэрэглэлийн машин худалдан авсаныгаа хуяглан хүргэлт, эрэн сурвалжлах ажиллагаа гэх мэт ажиллагааны хүрээнд орон нутаг дахь төвлөрсөн хорих ангиудад парк шинэчлэл хийсэн гэх тайлбар хэлж байна.
ШШГЕГ яагаад ийм өндөр үнэтэй тансаг ангиллын машин сонгосон нь тодорхойгүй. Хорих ангиудад эрэн сурвалжлах ажиллагаа, хүргэлтийн зорилгоор премиум SUV заавал шаардлагатай юу? Үнэ, загварын хувьд тансаг хэрэглээний машинаар парк шинэчлэл хийсэн нь ухаалаг, хэмнэлттэй шийдэл мөн үү? зэрэг шүүмжлэл дагуулсан олон асуулт даймаар байна. Хэрвээ ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор парк шинэчлэл гэж гүрийх гэж байгаа бол төсвийн мөнгийг үргүй зарцуулсан хэрэгт хариуцлага хүлээх ёстой. Нэг хэсэг нь хэмнэе, багш, эмч нар, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж чадахгүй гэж бархирч байхад нөгөө хэсэг нь тансаг зэрэглэлийн үнэтэй машин худалдаж аваад түүгээрээ улсын ажил л хийнэ гэж байгаа бол үнэндээ инээдтэй шалтиг бөгөөд тансаг зэрэглэлийн машинаар улсын ажил хийж цадигаа алдатлаа баяжчихаагүй байна. Ёстой төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг нь энэ биз. Нэг бүр нь 300 саяас 370 сая төгрөгийн үнэтэй энэ машиныг хэн унаж, тансаглах вэ? Хорих ангиудын унаа гэж тайлбарлаж буй ч дотоод хяналт сул, хаалттай энэ байгууллагын дарга нарын тухлах унаа болгож ашиглах нь ойлгомжтой. Тэгээд энэ бүх замбараагүй үрэлгэн байдлыг тэвчээд, хараагүй мэт явах уу дарга нараа. Товчхондоо үйл ажиллагааны шаардлагаас давсан дарга удирдлагуудын ямбыг барах гэж татвар төлөгчид ажиллаж байгаа хэрэг үү?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ