Өвлийн амралтыг эрт эхлүүлэх нь шийдэл мөн үү?
Өвлийн эхэн сар дөнгөж гармагц улс даяар ханиад томуу, томуу төст өвчин дэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхээ больдог хэвийн мэт боловч хүнд нөхцөл давтагдсаар байна. Том жижиггүй өвчлөлд нэрвэгдэж, хүүхдийн эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй, шалаар дүүрэн хэвтэн эмчлүүлдэг энэ байдал жил бүр давтагддаг.
Энэ байдал ердөө л эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал хангалтгүй байдагтай холбоотой. Хамгийн харамсалтай нь, иргэд өвчтэй хүүхдээ тэврээд шалан дээр хүртэл хэвтэхээс аргагүй болтлоо тулгамдсан байхад төр, засгийн зарим албан тушаалтнууд эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцаж байна гээд нийгмийн сүлжээгээр пи-ар хийж буй нь хамгийн муухай харагдаж буй.
Одоо ЕБС-ийн сурагчдыг 12-р сарын 1-нээс амраах асуудал хөндөгдөж эхэллээ. Гэхдээ энэ үнэхээр шийдэл мөн үү?
Улирал солигдох үед хүний дархлааны үйл ажиллагаа богино хугацаанд сулардаг байна. Температурын огцом өөрчлөлт, Д аминдэмийн түвшин буурах, орчны хуурайшилт ихсэх, хүйтний улирал эхлэхэд хүмүүс битүү орчинд бөөгнөрөх хандлага нэмэгдэх зэрэг нь өвлийн эхний саруудад дархлааг сулруулж, ханиад томуу хүрэх гол шалтгаан болдог байна. Энэ үед зөв дэглэм, хувийн ариун цэвэр, дархлаа дэмжих бодит арга хэмжээнүүд чухал болохоос эхлээчгүй байгаа өвлөөс зугтах гээд нэмэргүй юм.
Монголд томуу, томуу төст өвчлөлийн оргил үе ихэвчлэн 12-р сарын сүүл, 1-р сарын дунд үе байдаг. Тэгэхээр өвлийн эхэнд амраасан ч хамгийн хүчтэй хүйтэн, оргил өвчлөлтэй өдрүүдэд хүүхдүүд хичээлдээ эргэн орох нь бүр л эрсдэлтэй. Жинхэнэ жавар тачигнасан өдрүүд идэр есийн үе буюу 1-р сарын хоёр дахь 10 хоногт эхэлдэг.
Хүүхдүүдийг яг тийм үед гэрт нь байлгавал:
- даарч хөрөх эрсдэл багасна
- амьсгалын замын өвчний хүндрэлээс сэргийлнэ
- зам тээврийн эрсдэл буурна
Жинхэнэ жавар тачигнасан 30 хэмийн хүйтэн өглөө хүүхдүүдийг эргүүлээд хичээлд нь явуулах нь эрт амраасан нэр зүүхээс өөр бодит ач холбогдолгүй, логикийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч утгагүй.
Шийдвэр гаргаж буй албан тушаалтнууд салхи дагаж намирах биш шинжлэх ухаанчаар, наанатай цаанатай бодолцох хэрэгтэй. Өвчлөл ихсэх оргил үед оновчтой хугацаатай амралт тааруулах буюу 12 сарын дунд үеэс 1 сарын дунд үе хүртэл амрах нь илүү үр дүнтэй. Өвлийн улиралд ачаалал нэмэгддэг эмнэлгүүдэд түр ор, түр эмчийн баг ажиллуулах гээд уг нь толгой гашлаад байхаар бус арга хэмжээ авахад сүржигнээд баймааргүй л санагдах юм. Хамгийн гол нь бид өвлөөс биш, буруу бодлогоосоо л зугтаж чадахгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ