Б.Од-Эрдэнийг баривчлахаар болжээ
Б.Од-Эрдэнийн эхнэр саяхан цахим хуудастаа "Өөрийгөө 4 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд байсан. Б.Од-Эрдэнэ нь зодож, нүдэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг байсан" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Б.Од-Эрдэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 хоног баривчлахаар болсон байна.
Тодруулбал, "Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн Б.О-д холбогдох зөрчлийн хэргийг тус шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан шийдвэрлэв.
Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон” үйлдэл байхаар хуульчилсан.
Шүүхээс зөрчилд холбогдогч Б.О-г Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХИД-1 дотор үйл ажиллагаа явуулах В нэртэй дэлгүүрт 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Ц-н шилбэ хэсэгт хоёр удаа өшиглөж, баруун гарын булчин хэсэгт 1 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Б.О-г 40 цагийн албадан сургалтад хамруулж, 25 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ