Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад айлчлахдаа Япон Улсын Гамшгийн асуудал эрхэлсэн сайд Ж.Акаматай уулзжээ.
ГХЯ-ны мэдээлснээр Шадар сайд Х.Ганхуяг Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж байгааг онцолсон байна. Тэрбээр хамтын ажиллагааг цаашид байгалийн гамшиг, онцгой байдлын салбарт бэхжүүлэх, хоёр улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, гамшгийн менежмент, бусад чиглэлээр туршлага судлах зэргээр хамтран ажиллахын төлөө байгаагаа тодотголоо.
Мөн "Гамшиг, хямралт нөхцөл байдлын үед ашиглах нөөцийн хүнсний бараа, материал хадгалах механикжсан агуулах байгуулах”, “Улаанбаатар хотод улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний терминал агуулах байгуулах” төслийн ач холбогдлыг танилцуулж, дэмжихийг хүсжээ.

Сайд Ж.Акама гамшиг нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж буйг тэмдэглээд энэ чиглэлд Монгол Улстай хоёр талын шугамаар төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллах нь чухлыг онцолсон байна.
Талууд цаашид тус салбар дахь бодит хамтын ажиллагаагаа шат ахиулан бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахаа харилцан нотолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ