Нийслэлд томуугийн дэгдэлт эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал дээд цэгт хүрлээ

img

 

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй өндөр ачаалалтай нүүр тулж байна. 12-р сарын 1-ний байдлаар 3400 орчим хүүхэд амьсгалын замын халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хэд дахин өндөр үзүүлэлт гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Хүүхдийн эмнэлгүүд коридорт хүртэл ор дэлгэхэд хүрчээ

Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийн коридорт аав, ээжүүд хүүхдүүдийнхээ халууныг дарж, ханиалгахыг нь намжаах гэж ядан суух нь энгийн дүр зураг болов. Эмч, сувилагч нар тасалгаануудаас тасралтгүй гүйж, өвчтөнүүдийн хордлого тайлах, биеийн байдлыг ажиглах ажилд дарагджээ.

Жил бүрийн өвөл эмнэлгүүд өвчтнүүдийн хөлд дарагддаг ч “ийм их ачаалалтай ажиллаж байсан үе байхгүй. Хоногт 200 гаруй хүүхэд шинээр ирж зарим нь ор гарахыг хүлээж, заримыг нь гэрээр эмчил гээд буцааж буй. 

Нийслэлийн хэмжээнд өдөрт 3200 гаруй хүүхэд яаралтай тусламжийн тасгуудаар үйлчлүүлж, тэдний 77.3 хувь нь томуу, томуу төст өвчний шинжтэй байсан нь дэгдэлтийн огцом өсөлтийг илтгэж байна. Амбулаторийн үзлэг 38.1 хувиар, яаралтай тусламжийн ачаалал 37.9 хувиар нэмэгдээд байгаа юм.

Жирэмсэн эхчүүдийн дунд халдвар эрс нэмэгдэв

Хүүхдүүдийн дундах дэгдэлт өргөн хүрээнд тархаж, халдвар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд аюултайгаар нэмэгдээд байна. Одоогоор 70 гаруй жирэмсэн эмэгтэй томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь эмнэлгийн ачааллыг бүр нэмэгдүүлж байна.

“Жирэмсэн эхчүүдийн дархлаа сул байдаг учир уушгины хатгалгаа болон өндөр халуурлаас үүдэлтэй хүндрэл гарах нь элбэг. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдол ердийн үеийнхээс даруй хоёр дахин ихэссэн” гэж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч хэллээ.

Эмнэлгүүд дотоод зохион байгуулалтаа өөрчилж, бүх нөөцөө дайчилжээ

Өндөр ачааллын улмаас зарим эмнэлэг хэвтэн эмчлүүлэх орыг нэмэхийн тулд дотор тасаг, сэргээн засахын тасгийн орнуудаас хүртэл шилжүүлэн ашиглаж эхэлсэн байна. Сувилагч, резидент эмч нарыг яаралтай нэмэлт ээлжүүдэд дайчилж, эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг бүхэлд нь өөрчилж байгаа аж.

“Бид хүчин чадлаа 30 хувиар тэлсэн ч одоогийн ачаалал үүнээс давж байна. Бараг өдөр бүр багийн зохион байгуулалтаа өөрчлөхөөс өөр аргагүй болжээ” хэмээн нэгэн эмнэлгийн удирдлага ярив.

Ойрын өдрүүдэд тархалт улам нэмэгдэх эрсдэл өндөр

Халдварын тархалтын муруй огцом өсөлттэй үргэлжилж байгаа бөгөөд цаг агаарын огцом хүйтрэлт, хүмүүсийн бөөгнөрөл ихэссэнтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд тохиолдлын тоо дахин нэмэгдэх магадлалтай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд дараах зөвлөмжийг онцгойлон хүргэж байна:

  • Маск тогтмол зүүх
  • Гараа ариутгах, гарынхаа ариун цэврийг сахих
  • Хүн ихтэй газраас зайлсхийх
  • Өвчтэй хүүхдийг сургууль, цэцэрлэгт явуулахгүй байх
  • Өндөр настай, жирэмсэн болон бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

Эмч нарын уриалга: “Хамгийн том хамгаалалт бол гэр бүлийн дэглэм”

Хүүхдийн тасагт хүүгээ тэвэрсэн ээж ийн хэлэв:
“Ганц ханиад гээд тоосонгүй. Гэтэл хоёр хоногийн дотор халуурч, амьсгал нь давчдаж эхэлсэн. Ийм аймар хурдан хүндрэхийг мэдээгүй.”

Эмч нарын хэлж буйгаар томууны үед хамгийн зөв арга бол түргэн оношилгоо биш, харин гэрийн дэглэм, халдвараас хамгаалах үндсэн дүрмийг чанд мөрдөх юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ