Тэтгэврийн зээлийн хугацааг сунгаж магадгүй
УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр Монголбанкны удирдлагууд болон ХААН банк, Төрийн банк зэрэг арилжааны банкуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах талаар санал солилцов.
УИХ-ын дарга Н.Учрал, сүүлийн саруудад тэтгэврийн орлого барьцаалсан зээлтэй холбоотой өргөдөл, саналууд УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системээр, мөн Өргөдлийн байнгын хороонд, гишүүдийн гар утсаар ирсээр байна. УИХ бол бага ард түмэн. Ард түмний засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлдэг байгууллага учраас эх орныхоо өнцөг булан бүрээс иргэд сонгогдсон гишүүдээрээ дамжуулж бодит саналуудаа илэрхийлнэ. УИХ Төв банкны хараат бус байдалд халдах, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын үйл ажиллагаанд оролцож, чиглэл өгөхгүй. Гэхдээ ард түмний төлөөллийг хэрэгжүүлж байгаа, төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүлж байгаагийн хувьд иргэдийнхээ санал, хүсэлтийг уламжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг гаргахад анхаарч байна” гэлээ.
Улсын хэмжээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээл авсан талаарх баримтыг Н.Учрал дарга онцлоод, тэтгэврийн зээл авсан ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөрт суутгуулан, үлдсэн 17 хувийн орлогоороо хүнс, эм тариа, бусад хэрэгцээгээ хангахад зарцуулж байгаа талаарх тооцооллыг дэлгэрэнгүй танилцуулав. Өргөдлийн байнгын хороо энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд тэтгэврийн зээл нь харьцангуй эрсдэл багатай атал Монголбанкнаас тэтгэврийн зээлийн эрсдэлийн жинг бусад төрлийн зээлтэй ижил 150 хувь болгон тогтоосон шалтгааныг тодрууллаа. Үүний зэрэгцээ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ойрын хугацаанд товлосон хурлаараа тэтгэврийн зээлийн хүүг тогтоохдоо зээлийн эрсдэлийн нэмэгдлийг бодитоор тооцож, эрсдэл багатай зээлийн бүтээгдэхүүнээр тогтоон суурь хүүгийн түвшний орчимд зээл олгох боломжийг судлан шийдвэр гаргах боломж бий эсэхийг лавлав.
Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос энэ оны I, II улиралд гаргасан шийдвэрүүд, түүний мөрөөр хэрэгжиж буй зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын даргад танилцууллаа. Тэтгэвэр авч буй ахмад настан авсан тэтгэврийн зээлийнхээ төлбөрийг төлөөд, үлдэх мөнгөөрөө амьжиргааны баталгаажих түвшнийг хангах шаардлагатай хэмээн тухайн үеийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Мөнгөний бодлогын хороо тус шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ оны зургадугаар сард тус яамнаас өмнөх хүсэлтээ цуцлах хүсэлт тавьсны дагуу шийдвэр гаргаснаар өр, орлогын харьцаа 83 хувь болжээ. Тодруулбал, ахмад настан 100 мянган төгрөгийн зээл авсан тохиолдолд зээлийнхээ төлбөрт 83 мянган төгрөг төлөөд, үлдсэн 17 мянган төгрөгөөрөө амьжиргааны зардлаа төлөх нөхцөл үүссэн хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлав. Энэ асуудлаар Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос, гишүүдээс ирүүлсэн саналуудыг судалж, энэ төрлийн зээлийн эрсдэлийн жинг 2023, 2024 оны хэмжээнд бууруулах тохиолдолд зээлийн хүү 0.5 хувиар буурах боломжтой хэмээн тооцжээ. Арилжааны банкуудаас олгож буй тэтгэврийн зээлийн хүү өнөөдрийн байдлаар 17.8 хувь байгаа нь 17.8 хувьд хүрч буурах аж. Энэ төрлийн зээлийн хүүг ийнхүү 0.5 хувиар буурах нь арилжааны банкуудад эрсдэл нэмэх учир Төв банк, холбогдох талуудтай нарийвчилсан тооцоо, судалгааг хийж байгаа гэлээ.
ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр нар тус бүр тэтгэврийн зээл олгож буй нөхцөл байдлын талаар, Төв банкнаас гаргасан шийдвэрүүдийн үр нөлөөний талаар мэдээлэл танилцуулсан. Үүний зэрэгцээ тэтгэвэр авдаг ахмад настнуудад тохирсон бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох талаар судалж байгаа гэв.
Ийнхүү уулзалтаар эхний ээлжинд 18 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хугацааг сунгах замаар сар бүрийн зээлийн төлбөрийг бууруулах боломжийг судлах талаар санал солилцож, ойрын хугацаанд холбогдох шийдлийг боловсруулан, арга хэмжээ авах боломжтой хэмээн ярилцлаа. Монголбанк арван хоёрдугаар сарын 11-ний өдөр Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ