Остин Мэйжорын финал эргэн ирлээ

img

 

Унгарын нийслэл Будапешт хотноо цахим спортын "CS2" төрлийн энэ оны сүүлийн Мэйжор тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр/2025.12.07/ Мэйжорын гуравдугаар шатны сүүлийн тоглолтууд өндөрлөж, плей-оффд өрсөлдөх найман багийн нэрс тодорлоо. Ерөнхийдөө таамаг ёсоор дэлхийн чансааны тэргүүн багууд плей-оффд шалгарав.

Ази, Номхон далайн бүс нутгийн цор ганц төлөөлөл болж үлдсэн Монголын "The MongolZ" баг гуравдугаар шатнаас Мэйжорыг эхлүүлж, 3-1 гэсэн амжилттай плей-офф руу шалгарсан. Тэд Мэйжорын эхний тоглолтдоо Бразилын "Imperial" багт хожигдсон ч Нидерландад төвтэй "Liquid", АНУ-ын "FaZe", Германы "G2" багуудыг дараалан хожсоноор сүүлийн шатанд шалгарлаа.

Багт түр орлон тоглож буй "controlez" ч энэ удаагийн Мэйжорт тун давгүй тоглож байгаа. Ялангуяа хожсон гурван тоглолтод жигд сайн тоглолтыг үзүүлсэн.

"The MongolZ" багийн плей-оффын өрсөлдөгч нь Остин Мэйжорын аварга Францын "Vitality" баг. Хоёр багийн тоглолт арванхоёрдугаар сарын 12-ны 03:00 цагт эхэлнэ. Хоёр баг Остин Мэйжорын финалд учраа таарахад "Vitality" баг 2-1 гэсэн харьцаатай хожиж байлаа. Түүнээс хойш гурван удаа учраа таарахад "The MongolZ" баг сүүлийн хоёр тоглолтод нь хожжээ.

Будапешт Мэйжорын плей-оффын шат арванхоёрдугаар сарын 12-ны өдөр эхэлнэ. Та бүхэнд оноолтыг танилцуулъя.

2025/12/12

  • Spirit 00:00 Falcons
  • Vitality 03:00 The MongolZ

2025/12/13

  • MOUZ 00:00 FaZe
  • FURIA 03:00 Natus Vincere

Плей-офф шатны өөр нэгэн сонирхолтой тоглолт нь яахын аргагүй Оросын "Spirit" болон Саудын Арабын "Falcons" багуудын тоглолт байх болно. "Spirit" энэ удаагийн Мэйжорт тун сайн формтой байгаагаа харуулсан. Харин "Falcons" баг энэ удаагийн Мэйжорт түрүүлэхгүй л бол дахин нэг бүтэлгүй улирлыг өндөрлүүлэх гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ